2017 онд АНУ-д галт зэвсэг ашиглан олон хүнийг нэг дор буудаж алсан хэрэг олон гарлаа. Америкийн хууль тогтоох байгууллага, галт зэвсгийн эсрэг төрийн бус байгууллага иргэдийнхээ гарт буй зэвсгийг хяналт тавих, бууг хураах асуудлаар дээр дооргүй ярилцаж, хэлэлцүүлэг явуулан гудамжинд жагсаал хүртэл хийж байгаа хэдий ч ийм төрлийн хүчирхийлэл зогсохгүй гарсаар байгаа нь харамсалтай хэрэг юм.
Америкийн \”Буугаар үйлдэгдэж буй хүчирхийллийн архив/Gun Violence Archive/\” гэдэг төрийн бус байгууллагын мэдээлж буйгаар бол 2017 онд 307 удаа буу ашиглан олон хүний амь нас хохироосон хэрэг гараад байгаа гэнэ. Харин 2013 онд холбооны засгийн газраас гаргасан мандатад нэг дор 3-аас илүү хүний амь насыг галт зэвсэг ашиглан бүрлэгсэн бол \”бөөнөөр нь хядсан/Mass shooting/\” гэдэг ангилалд оруулах болжээ. Үүнийг тооцож үзвэл 2017 онд 38 дахь удаа буу ашиглан хүний амийг бөөнөөр нь хороосон хэрэг гарсан байна. Мөн зөвхөн 2017 онд галт зэвсэг ашиглан үйлдсэн гэмт хэргийн улмаас 13 мянган америк хүн амиа алдсан бол 26,9 мянган хүн их бага хэмжээгээр гэмтэл авсан байна.
Өнөөдөр АНУ-д 325 сая хүн амьдарч байгаа бол тэдний гар дээр ойролцоогоор 265 сая ширхэг буудлагын зэвсэг байдаг гэнэ. Энэ бол тус улсын насанд хүрсэн хүн бүр нэгээс илүү тооны буу эзэмшдэг гэсэн үг. Гэвч саяхан хийсэн нэгэн судалгаагаар насанд хүрсэн хүн амын дөнгөж 3-хан хувь нь энэ олон сая бууны тал хувийг дангаар эзэмшдэг ажээ. Эдгээр супер буу эзэмшигч нэг хүний гар дээр дунджаар 17 ширхэг буу байна. Буу эзэмшигч нарын талаар хийсэн Америкийн \”Харвард\” болон \”Зүүн хойд\”-ын их сургуулиудаас явуулсан судалгааны дүн тун сонирхолтой баримт юм. 2015 оны байдлаар АНУ-ын нийт буу эзэмшигчдийн 32 хувь нь эрэгтэй, 12 хувь нь эмэгтэй байсан бол тэдний 25 хувь нь цагаан арьстан, 16 хувь нь испани гаралтай хүмүүс, 14 хувь нь хар арьстан, 15 хувь бусад хүмүүс байв. Буу эзэмшдэг хүмүүсийн 33 хувь нь хөдөө, 19 хувь нь хотын захын дүүрэгт, 15 хувь нь хотод амьдардаг байна.
Буу эзэмшигчдийн жилийн дундаж орлогын талаар: жилд 25 мянган ам.долларын цалинтай хүмүүс 13 хувь, 25-60 мянган ам.долларын цалинтай хүмүүс 22 хувь, 60-100 мянган ам.долларын цалинтай хүмүүс 24 хувь, 100 мянгаас дээш ам.долларын цалинтай хүмүүс 25 хувийг тус тус эзэлж байна. Буу эзэмшигч нарыг хүйсний хувьд авч үзвэл эрэгтэй хүмүүс 1994 онд 42 хувь байсан бол 2015 онд 32 хувь болж буурсан, харин эмэгтэй хүмүүс 1994 онд 9 хувь байсан бол 205 онд 12 хувь болж өссөн үзүүлэлт харагдаж байна.
Хууль сахиулагч нар иргэдийн гар дээр байгаа цэргийн зориулалттай автомат буунд анхаарал их хандуулдаг хэдий ч гар буугаар үйлдэж буй аллагын тоо хамаагүй их байдаг гэнэ. АНУ-ын Холбооны мөрдөн товчооны гаргасан баримтаар бол бүртгэгдсэн аллагын хэргийн 70 хувийг гар буугаар, 3,55 хувийг автомат буугаар, харин 26,45 хувийг бусад хэлбэрээр үйлдсэн байдаг гэж байна. Америкт 1994 онд 192 сая буу иргэдийн гар дээр байсан бол 2015 онд энэ тоо 265 сая болж өсчээ.
Судалгаанд оролцсон америкчууд буу эзэмших болсон талаар хэд хэдэн шалтгааныг хэлж байв. Тухайлбал нийт буу эзэмшигчдийн 63 хувь нь ямар нэгэн хүнээс өөрийгөө хамгаалах зорилгоор, 40 хувь ан агнах, 34 хувь цуглуулгад, 28 хувь нь спортын зорилгоор, 20 хувь нь амьтнаас өөрийгөө хамгаалах зорилгоор, 40 хувь бусад зорилгоор буу эзэмших болсон гэжээ. Бараг хүн бүр нь буутай энэ улстай дайтах, бүр эзлэж авах санаа хэр баргын зориг, зүрхтэй хүний толгойд орохгүй болов уу.
Р.Энхболд