Токиогийн галт тэрэгний менежментийн
компанийн галт тэрэг хуваарьт цагаасаа 20 секундийн өмнө буудлын тавцангаас
хөдөлсөн явдалд хүлцэл өчиж, албан ёсны мэдэгдэл гаргажээ. Галт тэрэг нь Токио
хот дахь Цукуба Экспресс шугамд хойд чиглэлд Мягмар гаригийн өглөө 09:44
минутад хөдлөх байсан ч, 09:43:40 секундэд хөдөлсөн аж. Уг явдал болсны маргааш
компанийн зүгээс тэрхүү албан мэдэгдлийг гарган уучлалт гуйсан ч, хэрэглэгчдээс
нэг ч гомдол ирээгүй юм байна.
Нийслэлийн хот хоорондын төмөр замын
компани дээрх мэдэгдэлдээ \”Бид үйлчүүлэгчдэдээ төвөг учруулсныхаа төлөө уучлалт
гуйж байна” гээд шалгалтын багийнхан галт тэргийг цагаасаа эрт хөдлөх үед
хяналт тавиагүй гэдгийг дурджээ.
Цукуба Экспресс шугам нь Токиогийн
Акихабараг Ибакари мужийн Цукубатай холбодог юм байна. Японд галт тэрэгний
хуваарьт цагийг ягштал баримталдаг учраас явган зорчигчид аяллынхаа цагийг
тулгаж буудлын тавцан дээр ирдэг гэнэ. Тиймээс галт тэрэг 20 секундийн өмнө
хөдөлсөн явдал нь олон зорчигчийг төлөвлөгөөт ажлаас нь хоцроож, хохироож
болзошгүй байлаа гэж Japan
Today мэдээлжээ.
Орчуулсан Б.Болормаа