Нийслэлчүүдийн дунд хүлээлт үүсгээд буй сэдэв бол ирэх оны төсөв. Нэг сая гаруй хүн амтай хотын төсвийг хэр оновчтой төсөвлөж, үр ашигтай зарцуулахаас Улаанбаатар хотын хөгжил, нийслэлчүүдийн амьдрал хамаарах учраас тэр. Үнэхээр ч ард иргэдийн дунд тулгамдаад буй агаарын бохирдол, автозамын түгжрэл, гэр хорооллын дахин төлөвлөлт, дэд бүтэц зэрэгт хэр хэмжээний төсөв зарцуулж, бодитой ажил хийх нь анхаарал татаж байна.
Нийслэлийн 2018 оны төсөв ирэх сарын 5-нд батлагдах учиртай. Тиймээс нийслэлийн ИТХ өнөөдөр /2017.11.27/ ээлжит бусаар хуралдлаа. Тус хуралдааныг нээж НИТХ-ын дарга С.Амарсайхан хэлсэн үгэндээ \”Нийслэлийн төсвийн үр өгөөжийг сайжруулах тал дээр анхаарах шаардлагатай байна. Олон асуудлыг шүүрэн авч олон талд хүч хөрөнгийг тарамдуулж аргацаах байдлаар явж ирснийг аажмаар халж, хөрөнгө оруулалт, төсвийн зарлагын үр өгөөжийг дээшлүүлэн боловсронгуй болгож, жил бүр хөгжлийн цогц асуудлыг шийдвэрлэхэд нийслэл дүүргийн төсвийг чиглүүлбэл нийгмийн эдийн засгийн өгөөж нь өндөр байх болно” гэсэн юм.
Хэдийгээр нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан ажлаа авмагц амрах завгүй хуралдаж, ирэх оны төсвийн төсөлд гол анхаарлаа хандуулж байгаа ч АН-ын бүлгийнхэн байсхийгээд л бойкот хийж, сошиал болон камерын өмнө \”Нийслэлийн ИТХ ирцээ бүрдүүлж чадахгүй байна\” хэмээх улиг болсон улстөржилтөө хийсээр байна.
Өнөөдөр л гэхэд тодорхой шалтгаан бараг үгүйгээр \”Төсөв хэцүү байхад хэлэлцүүлгээ хойшлуулмаар байна\” хэмээн төсөв хэлэлцэх асуудлыг хойш татаж нийслэлийн ИТХ-ын даргаас \”Та нарт төслийг нь хангалттай танилцуулж, бас хангалттай цаг өгсөн\” гэх хатуухан үгийг сонсов. Мөн МАН-ын бүлгийн идэвхтэй гишүүдийн нэг, нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгч Н.Батсүмбэрэл \”Улаанбаатар хотын дарга байсан хүн алга. Улаанбаатар хотын ажил, амьдрал тэр хүнд хамаагүй байна. Улс төрийн намууд ирцэндээ анхаарахгүй байна. АН-ын бүлгийн 11 хүний 5 нь байна\” гэж АН-ынхныг улалзууллаа.
АН-ын зарим \”памперс\”-тай гишүүд олонд танигдахын тулд камерын өмнөх тоглолт хийж \”Ирц хүрээгүйгээс хуралдсангүй\” гэж сүүлийн үед улиглаж байгаагаас бус С.Амарсайханыг нийслэлийн ИТХ-ыг удирдсанаас хойш буюу энэ сарын 09, 14, 20-ны өдөр 100 хувийн ирцтэй хуралдсан аж. Мөн энэ сарын 24-ний өдөр 66.6 хувийн ирцтэй хуралджээ. Эндээс харвал, АН-ынхан нөгөө л шалтаг заан бойкотолж ажил гацаадаг улс төрөө хийж буй бололтой. Угтаа нийслэлийн ИТХ-ынхан өнгөрсөн амралтын өдрөөр Тэрэлжид төсвийн танилцуулга, хэлэлцүүлэг хийхэд АН-ынхан ирсэн байна. Гэвч тэд тус тусын тойрогтоо ахиухан төсөв батлуулах гэв үү, яав нийслэлийн ирэх оны төсвийг гацаах шалтаг хайж байгаа нь илт байв.
Л.Номин