Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн албан
тушаалаас буухаасаа өмнө хийсэн нэг томилгоо бол зургаан улсад суух Онц бөгөөд
Бүрэн Эрхт Элчин сайд нарын томилгоо байв. Одоо харахад энэ томилгоо хоёр нам
хоорондоо хийсэн тохиролцоо, төрийн наймаа маягийн зүйл байж. Үндсэндээ АН-аас
гурав, МАН-аас гурван хүнийг Элчин сайдаар томилохоор болж, УИХ ч таатай нь
аргагүй дэмжсэн биз.
Гэвч Х.Баттулгад өмнөх
Ерөнхийлөгчийн хийсэн тохиролцоо таалагдсангүй. Тиймээс өөрийн намаас нэр
дэвшүүлсэн Л.Пүрэвсүрэн, Ө.Баттөр, Д.Ганбат нарыг Элчин сайдаар явуулж, МАН-аас
нэр дэвшүүлсэн Г.Тэнгэр, Ё.Отгонбаяр, Н.Чингүүндарь нарын асуудлыг хойшлуулсаар
байна.
Эндээс МАН Ц.Элбэгдоржтой бус
Х.Баттулгатай дахин тохиролцоо хийх шаардлагатай болсон гэж ойлгогдож байгаа юм.
Уг нь УИХ-аас эдгээр хүмүүсийг Элчин сайдаар томилохыг зөвшөөрсөн шийдвэр
гараад гурван сар гаруй хугацаа өнгөрч байна. Мөн цаад улсууд нь Элчин сайдаар
хүлээн авахад асуудалгүй гэсэн зөвшөөрлийн бичиг явуулжээ. Одоо Ерөнхийлөгч л
Итгэмжлэх жуухаа гардуулчихвал эдгээр хүмүүст улсаа төлөөлөн ажиллахад асуудал
байхгүй. Гэвч Ерөнхийлөгч яг энэ асуудалд анхаарлаа
хандуулахаас зайлсхийсээр байна.
Ё.Отгонбаярын хувьд олон жил төр
түшилцсэн, туршлагатай улс төрч. Нэг улсад эх орноо төлөөлөөд явах боломжтой
нэгэн. Харин Г.Тэнгэрийн хувьд Гадаад харилцааны дэд сайдаар ажиллаж байсан мөн
л туршлагатай, мэдлэг, чадвартай дипломатч. Тэднийг томилоход асуудал бага.
Гэвч Ерөнхийлөгч яарахгүй байгаа нь анзаарагдаж байгаа.
Харин Н.Чингүүндарийн хувьд УИХ-ын
гишүүн Н.Оюундарийн төрсөн дүү. Мэдлэг чадвартай, олон жил гадаад харилцааны
яаманд ажилласан. Гэвч улс орноо төлөөлөн Элчин сайдаар суухад хэт залуудна гэж
үзэж байгаа. Мөн төрийн албанд төрлийн хэлхээс орсон гэдэг асуудлаар энэ
томилгоонд шүүмжлэлтэй хандах хүмүүс олон бий. МАН-д уг нь чадвартай боловсон
хүчин олон бий гэдэг. Гэвч Канад улсад суух Элчин сайдаар ажиллах хүн УИХ-ын
гишүүний дүүгээс өөр олдохгүй байгаа нь харамсалтай.
За тэгээд төрийн бүхий л ажил наймаа, тохиролцоон дээр л тогтдог учраас Ерөнхийлөгч маань хурдан шийдэлд хүрч, Япон, АНУ, Канадад суух Элчин сайд нараа явуулаасай.