Шөнийн цагаар ганц нэгээрээ явж буй хүмүүсийг тээврийн
хэрэгсэлдээ суулган, дээрэмдсэн хэрэг нийслэлд сүүлийн саруудад нэлээд хэд гарчээ.
Нийслэлийн болон дүүргүүдийн Цагдаагийн хэлтсийнхэн эдгээр гэмт хэргийг
илрүүлэх, таслан зогсоох зорилгоор шаргуу ажилласны дүнд хоёр бүлгийн залуусыг
саатуулан шалгаж эхлэв.
Чингэлтэй дүүргийн Цагдаагийн II хэлтэст
гурван хүнтэй бүлгийн залууст эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд тэд \”Хүчит шонхор”
захад махны ченж ажилтай эмэгтэйг эртнээс судлан, өнгөрсөн ням гаригт такси
үйлчилгээнд явж байгаа мэтээр хохирогчийг суулгаж яваад мөнгө, гар утас зэргийг
нь дээрэмдсэн гэнэ. Цагдаагийнхан шуурхай ажилласны дүнд мөнгийг бүтнээр нь
хураан авсан байна. Мөн Баянзүрх дүүргийн Цагдаагийн I хэлтсийнхэн дээрмийн
бүлгийг илрүүлэн шалгаж буй аж.
20-22 насны залуус багтсан бүлгийнхэн
тус дүүргийн XIV хорооны нутаг, Консулын гудамжинд тээврийн хэрэгсэлтэй зогсоод
ганцаараа явж буй охид бүсгүйчүүдийг ажиглан гар утас, бэлэн мөнгө, үнэт
эдлэлийг нь дээрэмдсэнээс гадна хүч хэрэглэсэн үйлдлээ ч хүлээсэн аж. Харин
хохирогчид нь цагдаагийн байгууллагад хандаагүй гэнэ.
Тэдний нэг нь оюутан бөгөөд эхнэр,
хүүхдийн хамт амьдардаг бол нөгөө хоёр нь эрхэлсэн ажилгүй юм байна. Нэг нь
Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтэст дээрмийн хэрэгт шалгуулж байхдаа давтан
хэрэг үйлдсэн аж. Нөгөө нь бусдыг хүчирхийлсэн хэрэгт холбогдож байсан гэх
мэдээлэл ч байна.
Дээрх хэргүүдээс гадна БНХАУ-ын иргэдийг
судалж байгаад гэрт нь орж 8000 юанийг нь дээрэмдээд гарахдаа мэс тулган банкны
картынх нь нууц дугаарыг хэлүүлж, эхний удаад гурав, дараа нь есөн сая төгрөг
данснаас нь авсан хэргийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн дээрх хэлтэст шалгаж
байна.