Тайванийн Тайпэйн худалдаа, эдийн засгийн Улаанбаатар дахь Төлөөлөгчийн газраас санхүүжүүлэн Монголын Үндэсний музейд \”Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд музей үзүүлэх боломж бүрдүүлэх” төсөл хэрэгжлээ.
Төслийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэд тус музейд зочлоход хүндрэл учрахгүйн үүднээс гаднах налуу шат, зориулалтын бариул, музейн нэг давхарт байрлах ариун цэврийн өрөөг стандартын дагуу засч, шинэчилжээ. Ингэснээр тэргэнцэртэй иргэд тус музейгээр ая тухтай орчинд үйлчлүүлэх хялбар саадгүй орчныг бий болгожээ. \”Монголын Үндэсний музейгээр жилд 60 мянга гаруй гадаадын жуулчин, дотоодын үзэгчид, оюутан хүүхэд багачууд үйлчлүүлдгээс гадна хөгжлийн бэрхшээлтэй болон өндөр настнууд олноор үйлчлүүлдэг. Цаашид музейн гол шат болох нэгдүгээр давхраас хоёрдугаар давхарт гарах шатыг тэргэнцэртэй иргэдэд зориулсан байдлаар шинэчлэн засах ажлыг үргэлжлүүлж, музейг бүхэлд нь тэргэнцэртэй иргэд өөрсдөө явж үзэх боломжийг бий болгохоор ажиллаж байна” гэдгийг тус музейн захирал, доктор Д.Сүхбаатар онцлов.
Тайваны Төлөөлөгчийн газар ойрын жилүүдэд Монголын нийгмийн эмзэг бүлэг дэх тусламжийн ажиллагааг эрчимтэй өрнүүлснээс энэ удаагийн төсөл нь Монголын болон гадаадын хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд Монголын Үндэсний түүхийн музейг үзэж сонирхох нөхцлийг бүрдүүлснээрээ онцлогтой. Мөн тус газраас алслагдсан хоёр аймгийн иргэдэд зориулсан эмнэлгийн анхан шатны тусламжийн төвийг шинээр байгуулах, Монголын хараагүйчүүдийн нийгэмлэгт брайль хэвлэлийн машин бэлэглэх, Хөдөлмөр нийгэм хамгааллын яаманд 200 гаруй тэргэнцэр бэлэглэх, нийслэлийн 110 дугаар тусгай дунд сургуульд лингафоны танхимын тоног төхөөрөмжийн хандив өгөх зэрэг ажлыг хийж гүйцэтгэж буйг Тайваний төлөөлөгчийн газрын төлөөлөгч Хуан Гуо Рун энэ үеэр тодотгов.
Дашрамд дурдахад, тус музейн хамт олон харааны бэрхшээлтэй иргэдэд зориулан \”Соёмбо”-ын бэлгэдэл, тайлбар тайллыг брайль үсгээр хэвлүүлсэн нь энэхүү хөтөлбөрт харааны бэрхшээлтэй иргэд хамрах боломжтой болжээ.