Аялал жуулчлалын томоохон төв болох Индонезийн Бали арал дээр жуулчин гацаад байна. Шалтгаан нь тус арлын Агун нэртэй галт уул идэвхжсэнтэй холбоотой аж. Нисэх буудал орчим үнс нурманд дарагдаж, нисэх болон буух зурвас харагдахаа байжээ. Тиймээс эрсдэл гаргахгүйн тулд нислэгүүдийг хойшлуулах шаардлагатай болжээ.
Үүнээс болж Бали арлын нисэх буудал дээр маш олон иргэд буцах нислэгээ хүлээн байрлаж байна. Албаныхан өнөөдөр өглөө нислэг явц хэвийн болно гэсэн ч тодорхойгүй шалтгаанаар хойшилжээ. Мөн Балид амьдардаг иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажиллагаа зохион байгуулагдаж байгаа гэнэ. Эхний ээлжинд 40 гаруй мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ. Цаана нь 100 гаруй мянган хүнийг нүүлгэн шилжүүлэх томоохон ажиллагаа зохион байгуулахаар бэлтгэж байгаа гэнэ.