Энэ сарын 1-ний өдрөөс Дарханы Төмөрлөгийн Үйлдвэрийн зарим ажилтан угаарын хийд хордсон шинж тэмдэгтэйгээр эрүүл мэндийн байгууллагад хүргэгдэж байгаа талаар мэдээлсэн билээ. Харин тус аймгийн Эрүүл мэндийн төвөөс ирүүлсэн шинэ мэдээллээр, хордлогын шинж тэмдэгтэй өвчтөнүүдийн тоо эрс олширч буй юм байна.
Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зөвхөн Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн ажилтнууд өвдсөн тухай онцолж байгаа ч бусад үйлдвэр эрхлэгчдээс эхлээд ажилгүй иргэд ч ижил шинж тэмдэгтэй ирж байгаа талаар албаныхан мэдээлэл өгчээ. Дархан-Уул аймгийн хэмжээнд богино хугацаанд тархаж буй энэ асуудлыг олон хүчин зүйлтэй холбон тайлбарлаж байгаа ч шалтгааныг эцэслэн тогтоогоогүй байгаа юм байна.