УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбатын өрөөнд яг юу болсон талаар чин үнэнг хэн ч хэлэхгүй байна. Ж.Батзандан бол \”намайг ална гэсэн\” гээд хамгаалалт хүсээд гүйгээд байсан. Одоо хамгаалалттай байгаа юу, эсвэл буучихсан уу бүү мэд. Харин Б.Хурц \”зүгээр л эрчүүдийн хоорондын маргаан. Ер нь бол би биш Ж.Батзандан л намайг ална гэсэн\” гээд тайлбар хийчихсэн. Улс дамнан хүн хулгайлж ирдэг хүнд нэг хүнийг \”нухах\” юу ч биш байх гэж бодогдоод байгаа юм.
Гэтэл өөрийнх нь тайлбараар түүнийг их л төлөв даруу нэгэн юм гэж харахаар. За тэр ч яах вэ. Гол нь тэдний хэн нь үнэн яриад байгааг мэдэх юм алга. Ямартай ч Ж.Батзандан гишүүн асуудлыг ингэсгээд орхиж чадахгүй гэдгээ харуулж, Герман улсыг зорьж, хулгайлагдаж ирээд амиа алдсан Дамирангийн Энхбатын гэр бүлийнхэнтэй уулзаж, санал гомдлыг нь хүлээж аваад ирсэн байна. Мөн Б.Хурц европын холбооноос хөөгдөж, зугтаж явсан тухай ч мэдээлэлтэй болсон гэнэ. Үүнийгээ маргааш Нийтийн сонсгол зохион байгуулах ажлын хэсгийн хуралдаан дээр танилцуулах гэнэ.
Түүнийг \”үнэхээр мундаг ажиллажээ\” магтаж, алга ташин баяр хүргэмээр. Ер нь бусад ажлыг ч бас ингэж хийдэг бол ямар сайхан бэ. Оффшор гээд үнэн худал нь мэдэгдэхгүй асуудлууд байна. Хүчингийн хэрэгтэй нөхөр төрийн ордон сууж байна. Оюутолгойн гэрээ луйвар уу, биш үү гэдэг асуулт одоо ч иргэдэд хариултаа өгөөгүй л байна. Тэгсэн хэрнээ цөөн хэдэн хүн сардаа хэдэн арван мянган долларын цалин аваад яваад байх юм. Таалагдаагүй маш олон асуудлууд байгаад байхад манай гишүүд хөдөлж явсаар л байгаа. Бүгдээрээ Ж.Батзандан гишүүн шиг ажилладаг болмоор юм. Ж.Батзандан гишүүн ч гэсэн зөвхөн өөрийн хутгалдсан асуудлаа бус өрөөл бусдын асуудалд ч бас анхаарлаа хандуулмаар байна. Ядаж сонгогдсон тойргийнхоо гэр хорооллын дахин төлөвлөлт нэрээр самраад хаячихсан асуудлыг нэг тийш нь болгочихмоор л байгаа юм даа.