Их Британийн аюулаас хамгаалах албаны ажилтнууд тус улсын Ерөнхий сайд Тереза Мэй-гийн амь насанд халдахаар төлөвлөж байсныг таслан зогсоожээ. Энэ тухай Английн сөрөг тагнуулын MI-5 албаны дарга Эндрю Паркер мэдэгдсэнийг The Independent сонин иш татан мэдээллээ.
Тус сонины мэдээлснээр халдлага үйлдэхээр төлөвлөж байсан хоёр эрэгтэйг өнгөрсөн долоо хоногт Лондон, Бирмингем хотуудад явуулсан терроризмын эсрэг тусгай ажиллагааны явцад баривчилсан бөгөөд сэжигтэн этгээдүүд Лондон хотын Даунинг-стрит гудамжинд байрлах Их Британийн Ерөнхий сайдын ажлын байрны үүдэнд тэсрэх бөмбөг байрлуулж, дараа нь Тереза Мей рүү хутга барин дайрахаар төлөвлөсөн байжээ.
Баривчлагдсан этгээдүүд нь 20-21 насны исламын шашинтнууд бөгөөд тэднийг терроризмтой холбоотой зүйл ангиар яллаж, ирэх долоо хоногт хэргийг нь шүүх юм байна.
Сөрөг тагнуулын албаны дарга Эндрю Паркер засгийн газрын гишүүдэд мэдээлэл хийх үеэрээ \”2017 онд нийтдээ 9 террорист халдлагыг таслан зогсоосон” гэж мэдээлжээ.
Ж.Бат