Дөрвөн нас хүрээгүй охиноо хэрцгийгээр тамлаж, зодож хөнөөсөн охины төрсөн эцэг
Т.Цогт болон хойд эх Г.Маралмаа нар анхан шатны шүүхээс тус бүр 24 жилийн хорих
ял чанга дэглэмтэй хорих ангид эдлэх шийтгэл сонссон. Үүнээс талийгаач охины төрсөн
эцэг, цагдаагийн ажилтан Т.Цогтын 24 жилийн ялын 5 жилийг гянданд эдлүүлэх
шийдвэр гарсан. Тэгвэл Т.Цогт, Г.Маралмаа нар анхан
шатны шүүхийн дээрх шийдвэрийг эсэргүүцэн
давж заалдах шатны шүүхэд хандсан бөгөөд тэдний өмгөөлөгчид Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд гомдлыг нь
хүргүүлжээ. Нийслэлийн шүүх тэдний гомдолтой танилцаж, 30 хоногийн дотор хурлын
товыг гаргах юм. Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн шийдвэр гараагүй учир
Г.Маралмаа, Т.Цогт нар өдийг хүртэл чанга дэглэмтэй хорих ангид хуваарилагдалгүй, ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид
саатуулагдаж байна. Ингээд давж заалдсан Т.Цогт, Г.Маралмаа нарын хавтаст хэрэгтэй танилцахад хэд хэдэн зүйл анхаарал
татаж байсныг танилцуулья.
Г.Маралмаа талийгаач охины нүд рүү ацтон цацдаг байжээ
Хавтаст хэрэгт тэмдэглэснээр, Г.Маралмаа нь өөрийн дагавар охин болох гурван нас 11 сартай О-г
2014 оны аравдугаар сараас 2015 оны хоёрдугаар сар хүртэл хугацаанд бөөгийн зан
үйл хийж байгаа гэх нэрийдлээр модон могойгоор байнга зодох, эхийн бузар
арилгаж байна хэмээн бэлэг эрхтэнг нь базаж чимхэх, хүйтэн өдөр онгорхой цонхон дээр зогсоох, үгэнд ороогүй гэж
нүд рүү нь будаг арилгагч шингэн /ацтон/ цацах, алгадах зэрэг аргаар байнга тарчлааж зовоож байжээ. Мөн
арцыг арвай будаатай хольж хүчээр идүүлдэг байсан аж.
Харин Т.Цогтын хувьд
төрсөн охин О-г биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж өмдөндөө баалаа гэх
шалтгаанаар суран бүсний арлаар зодох, Г.Маралмаатай хамтран бөөгийн үйл хийж
байна хэмээн охиныг модон могойгоор байнга зодох, арцыг арвайн будаатай хольж
хүчээр идүүлж байнга зодож тарчлааж байжээ. Түүнчлэн тэд охиныхоо үснээс зулгааж, суран тэлээгээр
ороолгодог байсан
аж. Охин өнгөрсөн хоёрдугаар
сард нас барсан бөгөөд охины амиа алдсан
шалтгааныг Г.Маралмаа, Т.Цогт нар охиныг байнга тарчлан зовоож тамласны
улмаас болсон гэж шүүх үзсэн юм.