Засгийн газрын ээлжит хуралдаан 2017
оны арванхоёрдугаар сарын 06-ны өдөр болж хэд хэдэн асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргасан
байна.
Тухайлбал, Малын тэжээл, өвсийг
Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас энэ оны 12 дугаар сарын 04-ний
өдрөөс эхлэн 2018 оны зургаадугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд
чөлөөллөө. Энэ дагуу малын 12 нэр төрлийн тэжээл, өвснөөс татвар авахгүй юм.
Жагсаалтад тэжээлийн өвс, хөх тариа, арвай, овъёос, эрдэнэшиш,
царгасны бутмал болон хорголж, царгаснаас бусад ургамлын болон багсармал хорголжин
тэжээл, ясны гурил, шар айраг исгэх эсвэл дарсны нэрэлтээс гарсан хаягдал,
шаар, үр тариа болон буурцагт ургамлыг шигших, тээрэмдэх эсвэл бусад
боловсруулалт хийх үед гардаг хорголжилсон, хорголжоогүй хивэг, үртэс, бусад
үлдэгдэл, шар буурцагны шахдас, малын бэлдмэл /тэжээвэр амьтны тэжээл ороогүй/
тэжээл багтжээ.Манай улс жилд 1.2-1.4 сая тонн өвс бэлтгэдэг байсан бол энэ жил
зуншлага муу, гантай байсан учир 930 мянга орчим тонныг л бэлтгэжээ.
50 сая ам.доллартай тэнцэх хэмжээний зээлийг УИХ-аар шийдүүлнэ
\”Төсөв, нийгэм, эдийн засгийн шинэчлэлийн
хөгжлийн бодлогын зээл”-ийн Санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай
хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Зээлийг батлавал макро эдийн засгийн
тогтвортой удирдлагыг хангах, нийгмийн эмзэг бүлэгт туслалцаа үзүүлэх, эдийн
засгийн өсөлтийг дэмжихэд зарцуулах юм.32 тэрбум иений зээлийн хүү жилийн 0,8 хувь,
урьдчилгаа шимтгэл 0,1 хувь, эргэн төлөгдөх хугацаа 20 жил, үндсэн төлбөрөөс
зургаан жил чөлөөлөгдөхөөр төсөлд тусгажээ.