Өмнөд-Африкийн Иоханнесбург хотод эрэн сурвалжлах сэтгүүлчдийн арав дахь удаагийн дэлхийн чуулга уулзалт болжээ. Энэхүү чуулга уулзалт нь өнгөрсөн сарын 15-19-ны хооронд болсон бөгөөд 130 орны 1,200 орчим сэтгүүлч оролцсон байна. Тэгвэл манай улсын сэтгүүлчдийн төлөөлөл 150 гаруй салбар хэлэлцүүлэг, сургалт семинар, харилцаа холбоо тогтоох үйл явдлуудад оролцсон аж. Тэд өнөөдөр Монгол сэтгүүлчид дунд туршлага хуваалцах, уулзалт сургалтыг хийв. Уулзалтын үеэр дэлхийн эрэн сурвалжлах сэтгүүл зүйн чиг хандлага болон Монгол сэтгүүлчид юуг анхаарч ажиллах хэрэгтэй талаар олон үнэтэй зөвлөгөө, мэдээллүүдийг өгсөн юм. Энэ үеэр Хэвлэлийн Хүрээлэнгийн Гүйцэтгэх захирал М.Мөнхмандах \”Дэлхийн эрэн сурвалжлах сэтгүүл зүй хэрхэн хөгжиж байгаа болон Монгол сэтгүүлчид юун дээр анхаарах хэрэгтэй гэдэг тал дээр өнөөдөр бид төвлөрч энэхүү хэлэлцүүлгийг зохион байгуулж байна” гэв.
Тухайлбал, МOJO буюу ухаалаг утас/төхөөрөмжид суурилсан сэтгүүлзүйн шинэ аппликэйшнүүд, сэтгүүлчид мэдээллээ нууцлах кодчилох ямар арга боломжууд байгааг, шинэ цаг үед цахим орчинд ашиглаж болох мэдээллийг хайх, нягтлан шалгах ямар хэрэгслүүд нэвтэрч байгаа талаар тэд ярив.