ОХУ-ын Олимпийн хорооны энэ сарын 12-ны өдрийн хуралдаанаар тус улсын шигшээ баг бүрэн бүрэлдэхүүнээрээ 2018 оны Пёнчаны Өвлийн Олимпт оролцох нь тодорхой боллоо.
Энэхүү шийдвэрийг хуралдаанд оролцсон ОХУ-ын Олимпийн хорооны гишүүд, шигшээ багийн тамирчид дасгалжуулагчид дуу нэгтэйгээр дэмжив. Ингэснээр ОХУ-ын шигшээ баг ирэх оны Өвлийн Олимпт Олон Улсын Олимпийн Хорооны нэрийн өмнөөс оролцохоор болж буй юм.
Гэвч зөвхөн ОУОХ-ноос урьсан тамирчин л энэ удаагийн Өвлийн Олимпт оролцох эрхтэй юм байна. Энэ тухай ОХУ-ын Олимпийн хорооны Ерөнхийлөгч Александр Жуков \”Хамгийн гол асуудал бол тэрхүү урилгыг чадварлаг тамирчид маань авч чадах эсэх. Улсдаа дөрөв, тавдугаарт жагсдаг тамирчдыг урьчихаад нэг, хоёрдугаарт жагсдаг шилдгүүдийг урихгүй бол хэцүү” хэмээжээ.
Харин ОУОХ-ноос гаргасан хатуухан шийдвэрийн тухай тамирчид \”Төрийн далбаа маань бидний зүрхэнд үүрд мандах болно. Харин дарамт шахалт хэзээд байсан, байх ч болов уу\” хэмээн ОХУ-ын хоккейн шигшээ багийн тамирчин Илья Сорокин онцолсон байна.
Түүнчлэн уран гулгалтын Европын аварга Евгения Тарасова \”Бидний тэшүүр дээр \”Орос” гэх бичээс байдаг. Тиймээс зүгээр дээ” хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ.
Ирэх оны Өвлийн Олимпийн үеэр ОХУ-ын тамирчдын сэтгэлзүйн байдал тогтворгүй байх нь ойлгомжтой. Тиймээс хөгжөөн дэмжигчдийн дэмжлэг тамирчдад маш чухал болохыг ОХУ-ын Олимпийн хороо онцоллоо.