Энэ жилийн сүүлийн сар дундаа орж, шинэ жилийн уур амьсгал хэдийнээ ороод эхэлжээ. Албан байгууллагууд, худалдаа үйлчилгээний төвүүд гаднах талбайдаа
өнгө өнгийн тоглоомтой, өндөр гацуур модоо засч, шинэ жилийн дуу эгшиглэх нь
шинэ жилийн баяр хаяанд ирснийг сануулна. Шинэ жилийн баярыг ногоон гацуур, элдэв янзын
чимэглэл, өвлийн өвөөгүйгээр төсөөлөхийн аргагүй билээ.
Албан
газрынхаа болон энхрий бяцхан хүүхдүүддээ зориулан засах шинэ жилийнхээ гацуурыг авч амжаагүй уншигч танд
сонголт хийхэд тань туслахаар бид энэ талаарх сурвалжлагыг бэлтгэлээ. Томоохон
худалдааны төвүүд болон дэлгүүрүүд шинэ жилийн өргөтгөсөн худалдааг зохион байгуулж
байна. Эдгээрээс онцлон \”Нарантуул” Олон улсын худалдааны төвийн шинэ жилийн гоёл чимэглэлийн үнэ ханшийг
сонирхлоо.
Жилийн аль ч улиралд түм
түжигнэж бум бужигнаж байдаг \”Нарантуул” зах. Хэдийгээр
ажлын өдөр, гадаа хүйтэн байсан ч гацуур модны худалдаа үйлчлүүлэгч ихтэй байгаа нь анзаарагдлаа. Худалдаа эрхлэгчид хэлэхдээ \”хэдийгээр юаны ханш өссөн ч гацуур мод болон бусад гоёл чимэглэлийн үнэ өнгөрсөн жилийнхээс төдийлэн их
өсөөгүй. Иргэдийн хувьд янз бүрийн гоёл чимэглэл, тоглоом, үлээдэг шаар, саа
зэргийг ихээр худалдан авч байна. Мөн цэцэрлэгийн хүүхдийн амьтдын хувцас, малгай, баг борлуулалт ихтэй байна\” гэдгийг хэлж байлаа.
Ерөнхийдөө Нарантуул зах дээр гацуур мод 40-350 мянган төгрөгийн үнэтэй
байна. Харин өнгө өнгийн тоглоомууд 5-45 мянган төгрөгийн үнэтэй байгаа
бол саа, үлээдэг шаар 1000-5000 төгрөгийн үнэтэй
байна. Мөн янз бүрийн чихмэл тоглоомнууд 15-25 мянган төгрөгийн үнэтэй байлаа.