Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хэсгээр явган шуургатай, хүйтэн жавартай байна.
2017 оны 12 дугаар сарын 16-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун болон говийн аймгуудын нутгаар багавтар үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Төв болон зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Идэр, Тэс голын хөндийгөөр 22-27 хэм, Увс нуурын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Улз, Халх голын хөндийгөөр 15-20 хэм, Алтайн өвөр говь болон говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр 4-9 хэм, бусад нутгаар 10-15 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 12-14 хэм хүйтэн байна.
2017 оны 12 дугаар сарын 17-ноос 12 дугаар сарын 21-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
17-18-нд төв, зүүн аймгуудын нутгийн зарим газар болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 19-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 20-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 17,18-нд нутгийн зүүн хагаст, 19, 20-нд говь, талын нутгаар секундэд 12 метр хүртэл ширүүснэ. Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 34-39 хэм, өдөртөө 19-24 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз, Халх, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 10-15 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 1-6 хэм, бусад нутгаар шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 6-11 хэм хүйтэн байна.
Ус цаг уур орчны шинжилгээний хүрээлэн