АНУ-ын Зэвсэгт хүчний академи, Тэнгисийн цэргийн академи, мөн анх удаа Агаарын хүчний академид 2018-2022 онд тэтгэлгээр суралцах сонсогч нэр дэвшүүлэх боломжтой орнуудын нэгээр АНУ-ын Төрийн департамент болон тус улсын Батлан хамгаалах яамнаас Монгол Улсыг сонголоо.
Нэр дэвшигч нь гэрлээгүй, хүүхэд асран хамгаалах үүрэг хүлээгээгүй байх ба эмэгтэй бол бие давхар байж болохгүй гэсэн шаардлагыг тавьж байна. Сонгон шалгаруулалт 17-23 хүртэлх насныхны дунд болох бөгөөд бие бялдар, эрүүл мэнд, ерөнхий мэдлэг, TOEFL болон бусад шалгуурт тэнцсэн байх шаардлагатай.
Сонирхсон хүмүүс овог нэр, төрсөн он сар өдөр, сургалтын дундаж оноо, спортын болон бусад тэмцээн уралдаанд оролцсон тухай болон бусад материалаа USDAOMONGOLIA@state.gov хаяг руу ирэх сарын 5-наас өмнө явуулах юм. Батлан хамгаалахын атташегийн алба дээрх шалгуурт нийцэж буй нэр дэвшигчдээс зургааг нь ирэх оны нэгдүгээр сарын 29-нд сонгон шалгаруулна. Ингэснээр шалгарсан нэр дэвшигчид цэргийн академиудад хүсэлт гаргах эрх нь үүсэх юм. Хэрэв элсэгчид тэнцсэн тохиолдолд ирэх оны долдугаар сараас эхлэн суралцаж, 2022 онд төгсөх юм.
Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг АНУ-ын Элчин сайдын яамны https://mn.usembassy.gov/usma-2018/ цахим хуудаснаас үзэх боломжтой юм байна.