УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдааны үеэр ТЕГ-ын дарга асан Б.Хурцын томилгоотой холбогдуулж УИХ-ын дарга М.Энхболд тайлбар хийлээ.Тэрбээр, \”Элчин сайдыг эгүүлэн татах, тохоон томилох талаар зөвшилцөх асуудлыг УИХ Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулгаас өнгөрөгч 11 дүгээр сарын 8-нд хүлээн авч, улмаар таван долоо хоногийн дараа хэлэлцсэн. Энэ хугацаанд УИХ-ын зарим гишүүдээс гарсан саналын дагуу нийтийн сонсгол явуулах асуудлаар Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо ажлын хэсэг байгуулж ажилласан. Ажлын хэсэг нийтийн сонсгол хийх хууль эрх зүйн боломж байхгүй байна гэдгээ мэдэгдсэн. Ингээд УИХ-ын хуралдаан нэгэнт тогтсон хуваарийн дагуу өнгөрсөн баасан гарагт асуудлыг хэлэлцсэн байдаг. Энэ нь УИХ-ын хоёр гишүүний санаачлан зохион байгуулсан нээлттэй сонсголтой зориуд зэрэгцүүлсэн асуудал байхгүй.
Элчин сайдыг эгүүлэн татах, томилгоог зөвшилцөх асуудлыг Засгийн газар Ерөнхийлөгчид өргөн барихаасаа өмнө нухацтай авч үзэх ёстой байсан. Засгийн газрын өргөн барьсан асуудлыг УИХ мөн хэлэлцсэн. Үүгээр УИХ-ыг буруутган ярьж байгаа зарим нэг Засгийн газрын гишүүний үйлдлийг зохимжгүй гэж үзэж байна.Засгийн газар өргөн барьсан асуудлаа татаж авч болдог. Гэтэл таван долоо хоногийн турш энэ асуудлыг эргэж хөндөөгүй.Гэтэл одоо Засгийн газрын хоёр гишүүн УИХ буруу томилгоо хийсэн мэт буруу ташаа мэдээлж байгааг Ерөнхий сайд анхааралдаа авах нь зүйтэй. Засгийн газар дээр шийдсэн асуудлаар гишүүд нь нэг байр суурьтай байж, танхимын зарчмыг баримталдаг байх ёстой” гэлээ.
Ж.Бат