ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг БНСУ-д элчин сайдаар томилохыг эсэргүүцсэн цөөнгүй гишүүдийн нэг бол УИХ-ын гишүүн Ж.Батзандан. Тэрбээр Төрийн ордонд Б.Хурцтай холбоотой асуудлаар Нээлттэй сонсгол зохион байгуулж, сонсголоос гарсан дүгнэлтийг Ерөнхийлөгч болон УИХ-ын даргад хүргүүлээд байгаа билээ.
Ж.Батзандан нээлттэй сонсголын дүгнэлтийг гардуулах үеэрээ сэтгүүлчдэд өгсөн мэдээлэлдээ \”Ц.Элбэгдорж, М.Энхболд, Б.Хурцыг тойрсон мафийн бүлэглэлийн гарт сүүлийн арван хэдэн жилийн дотор олон хүн хэлмэгдсэн байна. Монгол Улсын томоохон баялаг ордуудыг эдний бүлэглэл булааж авсан. Үүнийг илчилснийхээ төлөө УИХ-ын зарим гишүүд заналхийлэлд өртөж байгаа. Гэхдээ бидний тэмцлийг энэ бүлэглэлийнхэн зогсоож чадахгүй. Одоо бид Ерөнхийлөгчийн шийдвэрийг хүлээж байна. Ерөнхийлөгч Б.Хурцын томилгоог зогсоож, мафийн бүлэглэлийг Монголын төрөөс зайлуулна гэдэгт итгэж байна\” хэмээн ярьсан байдаг.
Тэгвэл өнөөдөр Ж.Батзанданд Б.Хурцын гомдлоор эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Харин энэ талаар Ж.Батзандан, \”Хүн ална гэж заналхийлсэн тэр хүнд хэрэг үүсгэдэггүй хэрнээ Б.Хурцын нэр төрийг гутаасан гэж надад хэрэг үүсгэсэн байна. Манай хуулийнхний ажил иймэрхүү л байна даа. Хүүхдүүд нь манай эцгийг хулгайлсан гээд гомдол гаргаад байхад, бас Эрдэнэтийн хэрэгт оролцсон гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрчихөөд байхад намайг хүн гүтгэсэн гэлээ. Ямар ч ариун нэр төртэй юм бэ дээ\” хэмээн байр сууриа илэрхийлжээ.