Хятадын талаас нүүрс авах хэмжээгээ багассагснаас хамаарч Гашуунсухайтын боомтод автомашины урт дараалал үүсээд байгааг урьд нь хэвлэл мэдээлийн хэрэгслүүд мэдээлж байсан. Үүссэн нөхцөл байдлыг арилгахын тулд Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар нар тухайн орон нутагт ажиллаад ирсэн.
Үүний дараа Засгийн газрын хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэж, уурхайг түр хугацаанд зогсоож, тээвэр зохицуулалт хийх шийдвэр 320 дугаар тогтоолоор гарсан. Тэр дагуу 160 км үргэлжилсэн цувааг багасгахын тулд тээвэр төлөвлөлтийн программ руу шилжүүлжээ. Мөн Цагаан хадны гаалийн хяналтын 14 бүс дээр нүүрсээ буулгахаар төлөвлөснөөс гадна гаалийн хяналтын бүсүүд гадна талбайгаа засаж эхэлжээ. Үүнээс гадна Цагаан хадны хяналтын бүсэд нэг цэгийн үйлчилгээний байр барьж байгаа бөгөөд ингэснээр 14 хяналтын бүсээ дэлгэцээр хянадаг, лацаа авдаг, бүрдүүлэлтээ нэг дороос авдаг болох юм байна.
Тээвэр төлөвлөлтийн программын тухайд уг программыг уурхайгаас гадна Гаалийн хяналтын бүсүүд ашиглах боломжтой ажээ. Дашрамд дуулгахад Автотээврийн үндэсний төвийнхөн нүүрс тээврийн машинуудад GPS суулгаж, хот хоорондын тээврийн хэрэгслийг хянадаг шиг дээрх газарт тээвэрт явж байгаа автомашинуудыг хянах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа юм байна.