Кенсингтоны
ордноос хунтайж Харри болон жүжигчин Меган Маркл нарын сүйн гэрэл зургуудыг
албан ёсоор олон нийтэд дэлгээд байна. Алдарт хос хоёр бие рүүгээ нүүр тулан
тэврэлдсэн хар, цагаан өнгөт хөрөг зургаас гадна гар гараасаа барилцан суусан
өнгөт зургийг ил болгожээ. Энэхүү хоёр гэрэл зургийг энэ долоо хоногт Виндсорын
Фрогморын ордонд загварын нэрт гэрэл зурагчин Алекси Любомирски авсан аж. Харри,
Меган нар ирэх оны тавдугаар сард Виндсорын цамхаг дахь Гэгээн Георгийн сүмд
гэрлэх юм.
Сүйт
бүсгүй цагаан өнгийн цамц өмсөж, хосууд тэврэлдэн инээмсэглэсэн тэрхүү хар,
цагаан зургийг байшингийн өмнөх газарт авсан бөгөөд сүйн бөгжийг тод харуулсан
байна. Харин өөр нэгэн зурагт тэд гар гараасаа хөтлөн Фрогмороор алхаж буйгаар
авахуулжээ. Уг зурагт хунтайж хөх өнгийн хослол өмссөн байх бөгөөд Меган
Британийн дээд зэрэглэлийн загварын Ralph
and Russo брэндийн алтлаг
хатгамал хээтэй хар өнгийн даашинз өмсжээ. Кенсингтоны ордноос энэхүү гурав
дахь зургийг ил болгохдоо шинэхэн сүй тавьсан хост халуун дулаан зурвасууд
илгээсэнд талархал илэрхийлсэн байна.
Их
Британийн хунтайж Харри, Америкийн жүжигчин Маркл нар өнгөрөгч 11 дүгээр сард сүй
тавьснаа зарлаж, тавдугаар сарын 19-нд хурим хийх гэж буйгаа мэдэгдсэн билээ.
Б.Болормаа