Булган аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид Гурванбулаг сумын бүрэн дунд сургуулийг Монгол Улс, ОХУ-ын баатар, сансрын нисэгч Жүгдэрдэмидийн Гүррагчаагийн нэрэмжит болгохоор шийдвэрлэжээ.
Сансрын нисэгч Ж.Гүррагчаа саяхан 70 нас хүрсэн бөгөөд төрөлх сумынхаа сургуульд 1956-1960 онд сурч байжээ.
Тэрээр багадаа ном унших, зураг зурах, техник, спорт гээд олон зүйл сонирхдог байсан бөгөөд Булган аймгийн Хишиг-Өндөр, Булган сумын сургууль төгсөж, 1966 онд цэргийн албанд мордон, 1971 онд ЗХУ-ын Фрунзе хотын нисэхийн дамжаа, 1973 онд Москва хотод Жуковскийн нэрэмжит Агаарын цэргийн академид суралцан төгсчээ. 1978 оноос ЗХУ-д Юрий Гагарины нэрэмжит Сансрын нисэгчдийг бэлтгэх сургалтын төвд суралцан 1981 онд Байконурын сансрын буудлаас сансрын нисэгч Владимир Жанибековын хамт \”Союз-39” хөлгөөр сансарт хөөрч \”Салют-6” сансрын станцад 7 хоног өнгөрүүлж, дэлхийг 124 удаа тойрсон, Монгол Улсын анхны сансрын нисгэгч юм.