АНУ НҮБ-ын гаргасан шийдвэрийг үл харгалзан өөрийн ЭСЯ-аа Иерусалим хотод
нээх болно хэмээн тус улсаас НҮБ-д суугаа байнгын төлөөлөгч Никки Хейли НҮБ-ын Ерөнхий
ассамблей Иерусалим хотын статусыг хэлэлцэх үеэр мэдэгджээ. Тэрээр энэ талаар
хэлэхдээ ”АНУ Иерусалим хотод ЭСЯ-аа нээх болно. Үүнийг америкийн ард түмэн
хүсэж байгаа. НҮБ-ын энэ талаарх ямар ч тогтоол шийдвэр бидэнд огтхон ч нөлөөлөхгүй”
гэж хэлжээ. Никки Хейли мөн Иерусалим
хотын статусыг хэлэлцэх үеэр НҮБ-ын гаргасан санал хураалтын дүнг мартахгүй
гэдгийг тэдэнд сануулсан байна. Мөн үүний зэрэгцээ НҮБ-дах Израиль улсын байнгын
төлөөлөгч Данни Данон \”Иерусалим хот үргэлж Израилын нийслэл байсан, байх ч болно
гэж мэдэгдсэн бөгөөд Ерөнхий ассамблейн
ямар ч шийдвэр биднийг Иерусалим хотоос холдуулж чадахгүй” гэж онцлон
тэмдэглэжээ. Үүнээс өмнө АНУ-ын
Ерөнхийлөгч Дональд Трамп Иерусалимыг Израилын нийслэлээр хүлээн зөвшөөрхөөс
татгалзсан НҮБ-ын Ерөнхий ассамблейн шийдвэрийг дэмжиж буй орнуудад туслаж
үзүүлхээ зогсооно гэж мэдэгдсэн бөгөөд
НҮБ-д суугаа байнгын төлөөлөгч Никки
Хейли \”АНУ НҮБ-д асар их хөрөнгө санхүүгийн тусламж үзүүлдэг , тэд үүнийг
хүндэтгэн үзэх ёстой” гэж хэлсэн байна. Өчигдөр буюу энэ пүрэв гарагт НҮБ-ын
Ерөнхий ассамблей хуралдаж Иерусалим хотыг Израилын нийслэлээр хүлээн
зөвшөөрхөөс татгалзсан тогтоол баталсан нь АНУ болон Израилын улсуудын дургүйцлийг
хүргээд байгаа юм.
Ж.Батдорж