\”Хот суурин газрын ландшафтын архитектур 2017” сэдэвт бакалавр, магистрант оюутны шилдэг илтгэл шалгаруулах эрдэм шинжилгээний бага хурал Хөдөө аж ахуйн их сургуульд өчигдөр болж өнгөрлөө. Эрдэм шинжилгээний бага хурлыг ШУА-ын Ботаникийн хүрээлэнгийн эрдэмтэн, биологийн ухааны доктор интродукторч П.Цэрэннадмидын мэндэлсний 75 жилийн ойд зориулж, эрдэмтний ар гэр, шавь нар нь ХААИС болон Нийслэлийн Захирагчийн ажлын алба, ШУА-ын Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэн хамтран зохион байгуулжээ. Бага хурлыг нээж АЭС-ийн захирал, доктор, дэд профессор О.Нямсүрэн болон ШУА-ийн Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор Э.Ариунболд нар үг хэлсэн.
Эрдэм шинжилгээний бага хуралд бакалаврын 15, магистрантын 8 оюутан илтгэл тавьж өрсөлдсөн байна. Бакалаврын оюутны илтгэлийн тэргүүн байрт \”Авто замын дагуух ландшафт архитектурын төлөвлөлт” сэдвээр илтгэл тавьсан Б.Мөнхсүх шалгарсан бол удаах байрт Ш.Халиунцэцэг, Б.Батхүү нарын \”Хот суурин газарт бичил цэцэрлэгийг төлөвлөх хэрэгцээ, шаардлага” илтгэл, гутгаар байрт Б.Энхмаа \”Ландшафтын архитектурын бага хэлбэрийн элементийн төлөвлөлтийн асуудлууд” илтгэл шалгарлаа. Илтгэлийн уралдааны шилдэг оюутнаар \”Зуслангийн газрын ландшафтын архитектурын тохижилтыг хөгжүүлэх боломж” сэдвээр илтгэл тавьсан Л.Саранцэцэг тодорсон байна.
Магистрантын оюутнуудын илтгэлийн тэргүүн байрыг \”Цөлөрхөг хээрийн бүсэд байгуулсан ойн зурвасанд тарималжуулсан мод, сөөгний өсөлт, хөгжилтийн онцлог, амьдралтын судалгаа” сэдвээр илтгэл тавьсан Г.Ган-Эрдэнэ эзэлсэн байна. Удаах байруудад \”Тарималжуулж буй мод, сөөг ургамлын чимэглэлийн шинж, амьдрах чадварын үнэлгээ” илтгэлээр Б.Лхагвадулам, \”Үндэсний цэцэрлэгт хүрээлэн дэх бут, сөөг ургамлын чимэглэлийн шинж, амьдрах чадварын үнэлгээ” илтгэлээрээ Б.Энхсайхан нар шалгарчээ.