Монголбанк дахь Төрийн сангийн төгрөгийн харилцах дансны үлдэгдэлд Монголбанк хүү тооцож төлөх харилцааг зохицуулах гэрээг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар болон Монголбанкны Н.Баяртсайхан нар өнөөдөр байгууллаа.
Энэхүү гэрээнд заасны дагуу Монголбанкнаас арилжааны банкны үлдэгдэлд олгодог хүүтэй адил хэмжээгээр хүү тооцож олгохоор болж байгаа юм.
Мөн Сангийн яамны зүгээс валютын эх үүсвэрээ зөвхөн Монголбанканд худалдах тухай чухал зохицуулалт энэ гэрээнд тусжээ.
Уг гэрээ нь төсөв мөнгөний уялдаа холбоог сэргээж, төсөв, мөнгөний бодлогын эдийн засагт үзүүлэх үр нөлөөг нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлнэ. Мөн нэг талаас төсөвт нэмэлт орлого бий болгох бол нөгөө талаар Монголбанкны гарч болзошгүй хүүгийн зардлыг тэр хэмжээгээр бууруулна. Түүнчлэн, валютын эх үүсвэрээ зөвхөн Монголбанканд худалдсанаар валютын нөөц тэр хэмжээгээр шууд нэмэгдэх, төгрөгийн ханшны тогтвортой байдлыг хадгалахад чухал нөлөө үзүүлэх юм.
Гэрээг 2018 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс мөрдөх ба жил бүрийн эцэст гэрээг дүгнэж, хугацааг сунгаж байхаар зохицууллаа гэж Сангийн Яам мэдээллээ.