Баян-Өлгий аймгийн ерөнхий боловсролын сургуулиудын 30 сурагч энэ сарын 3-9-ний өдрүүдэд ОХУ-ын Барнаул хотын Багшийн их сургуульд орос хэлний чадавхыг дээшлүүлэх долоо хоногийн сургалтад хамрагджээ. Энэ талаар аймгийн Боловсрол, соёл, урлагийн газраас мэдээллээ.
Россотрудничество агентлагийн Монгол дахь Төлөөлөгчийн газар болон аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын дэмжлэгээр Өлгий хотод \”Найз нөхдийн ертөнц” орос хэлний төвийг өнгөрсөн оны наймдугаар сард байгуулсан юм. Тус төвд одоо ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр суралцах хүсэлтэй 30 сурагч суралцаж байгаа аж. Дээрх орос хэлний чадавхыг дээшлүүлэх сургалтад эдгээр сурагчдыг хамруулсан байна.
Энэ үеэр БСУГ-ын дарга Х.Заурe, \”Найз нөхдийн ертөнц” сургалтын төвийн захирал Х.Жулдыз Барнаул хотын Багшийн их сургуулийн удирдлагуудтай уулзалт хийж, ирэх хавраас Баян-Өлгий аймгийн багш, сурагчдад чиглэсэн хамтарсан сургалт, арга хэмжээнүүд зохион байгуулахаар тохиролцжээ.