Монгол улсын Засгийн газраас ОХУ-тай хэлэлцээр хийж зээлээр 50,0 мянган тонн малын тэжээл импортлохоор болсон ажээ. Үүний дагуу ХХААХҮЯ-наас Завхан аймагт малын тэжээлийг ОХУ-аас Нисэг Агро ХХК-иар дамжуулан 1300 тн, Эйч-Эс-Эй ХХК-иар 1350 тн тэжээл авахаар гэрээ хийж, түрүүчийг нь оруулж ирээд байна.
Тухайлбал Эйч-Эс-Эй ХХК –аас Улиастайд 60 тн хивэг оруулж иржээ. Импортын хивэг нэг уут нь 24 кг-тай 12,0 мянган төгрөгийн үнэтэй байна. Малын тэжээлийг малын махаар сольж худалдаж авч байгаа ба адууны мах нэг кг 4000 төг, ямааны мах нэг кг-ийг 2600 төгрөгөөр тооцож тэжээлээр сольж байна.
Харин Нисэг Агро ХХК компани хил дээр 9,5 мянган тэжээлийг оруулж ирээд байгаа аж. Эднийх нэг уут хивгээ хил дээр 9,2-9,5 мянган төгрөгөөр борлуулж байгаа. Тус компани нь үхрийн мах 160 кг-аас дээш бол 3800 төгрөг, доош бол 3400-3600 төгрөг, хонины мах 20 кг-аас дээш 3000-3200 төгрөг, 20 кг-аас доош гулуузыг 2800 төгрөг, ямааны махыг нэг кг-ийг 2400-2500 төгрөг, эм ямааны мах нэг кг –ийг 2300-2400 төгрөгөөр тооцож малын тэжээлийг малчдад өгч байна.
Түүнчлэн тус компаниуд гэрээнд зааснаар аймагтай малын махнаас гадна бэлэн мөнгөөр ч малын тэжээлийг өгч байгаа ажээ. Энэ нь бэлэн мөнгөгүй байгаа малчдад дэм болж байгаа талаар албаныхан хэллээ.