Ерөнхийлөгч Дональд Трамп цагаан ордонд болсон зөвлөгөөний үеэр улс орнуудыг гутаан доромжилсон үг хэлсэн гэх шуугиан дэгдсэний дараа сэтгүүлчдийн тавьсан асуултад, \”Би арьс өнгөөр ялгаварлан гадуурхагч биш” гэж хариулжээ. Трамп конгрессын зарим гишүүдтэй цагаачлалын бодлогод хийх шинэчлэлийг хэлэлцсэн зөвлөгөөний үеэр Сальвадор, Гаити ба африкийн орнуудыг \”өмхий нүх” гэж нэрлэснээс болж Трампыг арьсны өнгөөр ялгаварлан гадуурхагч гэсэн шуугиан дэгдсэн юм.
Мөн тэрээр энэ үеэр \”Энэ өмхий нүхнээс хүмүүс ирэх нь бидэнд ямар ашигтай юм бэ?” гэж хэлснийг зөвлөгөөнд оролцсон цөөнгүй хүмүүс сонсжээ. Энэ хэрэг явдалтай холбогдуулан Африкийн холбоо АНУ-ын ерөнхийлөгчөөс хэлсэн үгнийхээ төлөө уучлал гуйхыг шаардсан бөгөөд НҮБ-д суугаа африкийн орнууд ч гэсэн ийм шаардлага тавиад байгаа ажээ. \”Трампын энэ үйлдлийг арьсны өнгөөр ялгаварлан гадуурхагч гэж хэлэхээс өөр аргагүй. Бүхэл бүтэн улс орнуудыг, тивийг \”өмхий нүх” гэж хэлж болохгүй” гэж НҮБ-ын Хүний эрхийн асуудал эрхэлсэн дээд газрын төлөөлөгч Руперт Колвилл мэдэгдсэн байна.
Конгрессод Жоржия мужаас сонгогдсон гишүүн Жон Льюис, \”Энэ хүн, энэ ерөнхийлөгч биднийг өнгөрсөн үе рүү чангааж байна. Энэ хүн арьсны өнгөөр ялгаварлан гадуурхагч гэж би бодож байна” гэж телевизийн \”Эй-Би-Си” сувагт ярилцлага өгөхдөө хэлжээ. Харин Дональд Трамп өөрөө Цагаан ордны зууван танхимд африкийн орнуудыг \”өмхий нүх” гэснээ няцааж, \”Би энэ уулзалтаар хатуу ширүүн үг хэлэх нь хэлж байсан. Гэхдээ ийм хэллэг огт хэрэглээгүй” гэж өөрийн твиттер хуудсандаа бичсэн байна.
Ж.Бат