АНУ-ын Калифорни мужид гэртээ 13
хүүхдээ хүчээр хорьж, тамлаж байсан эхнэр, нөхөр хоёрыг илрүүлэн, саатуулжээ.
Тасс агентлагийн мэдээлснээр 57 настай
Дэвид Аллен Турпин болон 49 настай Луис Анна Турпин нарыг бага насны хүүхдийн
амь нас, эрүүл мэндэд аюул учруулсан, тарчлаан зовоосон хэргээр эрүү үүсгэн шалгаж эхэлсэн байна. Тэд Калифорни мужийн Лос-Анжелес хотоос
зүүн өмнөд зүгт 95 км зайд орших Перрис хот дахь гэртээ хоёроос 29 насны 13
хүүхдээ хүчээр хорьж байсныг илрүүлсэн гэж тус хотын цагдаагийн газраас мэдэгджээ.
Хохирогч нарын нэг нь өнгөрсөн
ням гаригт байшингаас зугтаж, улмаар
байшингаас олсон гар утсаараа
цагдаагийн байгууллагад энэ талаар мэдэгдсэн
байна. Зугтаж гарсан 17 настай охин ядарч, туйлдсан байдалтай байсан бөгөөд өөрийнх нь ах,
эгч, дүү нар болох 12 хүнийг аав, ээж хоёр нь гэртээ хорьж, тамлаж байгаа гэж
цагдаагийн газар хэлжээ. Охины ярьснаар тэд хүүхдүүдийн заримыг нь ортой төмөр гинжээр ороож, гавлаж, хорьсон байсан аж.
Цагдаа нарыг Турпины гэрт очиход
зарим хүүхдүүдийг харанхуй, чийг ханхалсан ямарч агааржуулалтгүй өрөөнд хорьж, ортой нь гинжээр
холбон хүлсэн байсан бөгөөд тэдгээр хүүхдүүдийн найм нь 18-29 насны, хүмүүс байжээ. Мөн хоригдож
байсан хүүхдүүд хоол, тэжээлийн дутагдалд орсон,
бохир заваан байсан гэнэ. Цагдаагийн
байгууллагын мэдээлснээр одоогоор тэдгээр хүүхдүүдийг орон нутгийн харьяа эмнэлэгт
хүргэж, эмчилгээ хийн хэргийг шалгаж эхэлсэн байна.