Японы
нэгэн хотод үхлийн аюултай их хэмжээний фугу загас худалдаанд гарсны дараа уг
загасыг хэрэглэхгүй байхыг анхааруулсан
байна. Гамагори хотноо элгийг нь ялгаж аваагүй таван пакет фугу загасыг
супермаркетад борлуулсан аж. Фугу загасны элгэнд хор агуулагддаг учраас ийнхүү
иргэдийг хүнсэндээ хэрэглэхгүй байхыг зарлажээ.
Албаны
хүмүүс худалдаанд гарсан таван пакет загасны гурвыг нь олсон боловч үлдсэн
хоёрыг нь үргэлжлүүлэн хайж байгаа гэнэ. Загасыг цэвэрлэн бэлтгэх явцад гарсан
маш жижиг алдаанаас болж ийнхүү хортой загаснууд иргэдийн гарт хүрчээ. Японд
жил бүр хортой фугу загасыг худалдаанд гаргасан хэд хэдэн тохиолдол гардаг ч тэдгээр
нь бүгд үхлийн аюултай гэсэн үг биш гэнэ.
Тус улсын
төв хэсэгт орших Гамагори хотын удирдлагууд яаралтай тусламжийн системийг
идэвхжүүлж, иргэдийг загасны хортой хэсгийг буцаан авчирч өгөхийг уриалжээ. Хотын
захиргааны ажилтан Кожи Такаяанаги ярихдаа \”Бид хотын түргэн тусламжийн систем,
чанга яригч зэргийг ашиглан иргэдийг фугу загас идэхгүй байхыг анхааруулсан”
гэжээ.
Фугу нь
өвлийн улиралд идэхэд тохиромжтой, өндөр үнэтэй загас бөгөөд сашимид түүхийгээр
нь, мөн шөл хийхэд ашигладаг аж. Гэвч загасны элэг, түрс, арьс зэрэг нь үхлийн
аюултай тетродоксин хорыг агуулдаг учраас загасыг бэлтгэхэд тусгай сургалт,
гэрчилгээ шаарддаг юм байна.
Одоогоор
уг хорт бодисыг хоргүйжүүлэх аргыг олж тогтоогоогүй гэнэ. Тетродоксин нь хүний
мэдрэлийн системд нөлөөлдөг бөгөөд хордлого нь маш хурдацтайгаар тархаж, эхлээд
амны эргэн тойронд мэдээ алдаж, саажилт өгсний дараа үхэлд хүргэдэг аж.
Б.Болормаа