Буриадын Ерөнхийлөгч Алексей Самбуевич Цыденовын Монгол Улсад хийх албан ёсны айлчлал өнөөдөр эхэлж байна. Ерөнхийлөгч Алексей Самбуевич Цыденов айлчлалынхаа бүрэлдэхүүнд ажил хэрэгч бизнесменүүдийг багтаасан өргөн бүрэлдэхүүнтэйгээр энэ удаагийнхаа айлчлалыг хийж байгаа юм байна. Тэдгээр бизнесменүүдийн дунд хөдөө аж ахуй, экологийн цэвэр түлш болон ой модны аж ахуй эрхлэгчид байгаа бөгөөд Нийслэлийн захирагч Су.Батболдтой яг энэ цаг мөчид уулзаж хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж нөхцөл, цаашдын үр бүтээлтэй харилцааг хөгжүүлэх асуудлаар санал бодлоо солилцож байна. Хотын даргатай уулзсаныхаа дараа Буриадын Ерөнхийлөгч Алексей Самбуевич Цыденов Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон Засгийн газрын гишүүдтэй уулзаж цашдын хамтын ажиллагааныхаа талаар санал солилцох аж. Тэрээр мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхах зорилготой байгаа гэдгийг дагалдан яваа хэвлэл мэдээллийн төлөөлөгчид нь тайлбарлаж байв. Ямартай ч ОХУ-ын Буриад улс манай улстай ой модны салбар болон хөдөө аж ахуй, засаг агнуур, хилийн худалдаа гээд маш олон төрлөөр хамтын ажиллагаатай бөгөөд тэдгээрийн тоо чанарыг нэмэгдүүлэх, хойшид өөр бусад салбаруудад ч үр ашигтай хамтран ажиллах ихээхэн боломж байгаа гэдгийг хоёр тал харилцан санал нэгтэй тэмдэглэж байгаа юм.