Хөнгөлөлттэй эмийг сард хоёр удаа худалдаалдаг нь эмийн сангуудад ачаалал үүсгэдэг, хүртээмж хангалтгүй байсан учраас өдөр бүр олгодог болохоор өнгөрсөн сард шийдвэрлэсэн. Эрүүл мэндийн сайдын даалгасан үүргийн дагуу энэ ажлын хүрээнд Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн нийгмийн даатгалын ерөнхий газрын хамтарсан ажлын хэсэг байгуулан, ажиллаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, өдөр бүр хөнгөлөлттэй эм олгож хараахан эхлээгүй байна.
Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлттэй эм олгож байгаа нэрэн дор иргэд байнга эм хэрэглэх, хэт их эм худалдан авах, түүндээ хордох, жоргүйгээр болон эрүүл үедээ эм авч нөөцлөх зэрэг олон асуудал тулгарч байгааг тогтоожээ. Мөн эмийн сангуудын хувьд нэг эмийг нэг хүнд давхардуулан олон удаа олгох гэхчлэн зөрчил олон илэрсэн тул хяналтыг сайжруулах юм байна. Ингэхдээ хөнгөлөлттэй эм олгохдоо цахим программ ашиглаж, хаана, хэзээ аль өрхийн эмч ямар оноштой хүнд хичнээн эм бичиж өгснийг хянах аж.
Энэ мэтчилэн олон нарийн судалгаан дээр үндэслэн ажлын хэсгийн дүгнэлтээр эмийг хэрхэн олгох, эмийн жагсаалтад ямар эм оруулах, хасах зэргийг шийдсэний дараа хөнгөлөлттэй эм олгож эхлэх гэнэ. Тиймээс хөнгөлөлттэй эмийн жагсаалтыг шинэчлэх эсэхийг ажлын хэсэг байгуулан ажиллаж, тодорхой судалгаанд үндэслэн шийдвэрлэх юм байна.