МАН-ын байрны гадаа Худалдаа эрхлэгчдийн төлөөлөл, ТҮЦ эрхлэгчдийн холбооны гишүүд гэх бүсгүйчүүд хагас нүцгэн байдалтай эсэргүүцлээ илэрхийллээ. \’\’Иргэдийн шударга шүүх\’\’ ТББ-ын дэргэдэх \’\’Ээжүүдийн холбоо\’\’-ноос энэхүү тэмцлийг зохион байгуулжээ. Тэд 2017 оны арванхоёрдугаар сарын 11-ний өдөр төрийн гурван өндөрлөгт шаардлага хүргүүлсэн боловч тэдэнд шаардлагын хариуг өгөөгүй аж. Тиймээс өнөөдрийн тэмцлээрээ мөн төр засагт хүргүүлсэн шаардлагын хариугаа нэхэн, сануулж байгаа гэнэ. Шаардлагад:
Монголын худалдаачдын өмнө тулгамдсан асуудлуудыг нэн даруй шийдвэрлэх шаардлагатай байх тул зохих арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг шаардаж байна. Үүнд:
-Худалдаачдыг хоршоо, нөхөрлөлийн зохион байгуулалтад оруулах, тэднийг дэмжих аажим, аажмаар үйлдвэрлэгч болгох арга хэмжээнүүдийг шат дараалалтайгаар хэрэгжүүлж дэмжлэг үзүүлэх ажлыг зохион байгуулах.
-Худалдаачдын өмнө тулгамдсан асуудлуудыг тодорхойлж, тэднийг дэмжих ажлыг зохион байгуулахыг шаардаж байна.
-Өөртөө ажлын байр бий болгон, хүнд хэцүү нөхцөлийг үл харгалзан амьдрах эрхийнхээ төлөө тэмцэж байгаа худалдаачин иргэдээ хориглож, торгож, үйл ажиллагаанд нь саад учруулах замаар амьжиргаанаас нь салгаж, өр зээлийн дарамтад оруулж байгаа зүй зохисгүй аливаа шийдвэр, үйл ажиллагаагаа таслан зогсоохыг шаардаж байна.
-Өр зээл, түрээсийн дарамтад орж аргагүйн эрхэнд гудамж талбайд худалдаа наймаа эрхлэн амьдарч буй иргэдээ бүртгэлцүүлж, ажлын байр, эдийн засгийн баталгаагаар шат дараалалтайгаар хангах бодлогыг дэмжиж хамтран ажиллахыг шаардаж байна.
-Ажлын байрны онцлог, эдийн засгийн хямралт нөхцөл байдлаас хамаарч банкнаас зээл авах боломжгүй болсон, өмнө нь авсан зээлээ төлөх чадваргүй болж дампуурсан, хэт өндөр хүүтэй зээл авч улмаар хууль хяналтын байгууллага, мөнгө хүүлэгчдийн дарамтад орсон худалдаачдын эрх, эрх чөлөөг хамгаалах арга хэмжээг зохион байгуулахыг шаардаж байна.
-Худалдаа наймаа эрхэлж байгаа хэт өндөр хүүтэй зээлийн уршгаар орон байр, амьдрах эх үүсвэрээ алдсан худалдаачдын хэрэг маргааныг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр тогтоолуудыг дахиж хянах, худалдаачдын гомдлыг барагдуулах ажлын хэсэг зохион байгуулах.
-Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд очсон шийдвэрүүдийг биелүүлэх ажлыг Монгол улсын Үндсэн хуульд нийцүүлэн хүнлэг энэрэнгүй байх зарчмаар хангахыг тус тус шаардаж байгааг хүлээн авч нэн яаралтай арга хэмжээ авна уу.