Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой хэрэг нэмэгдсээр байна. Саяхан Цагдаагийн
байгууллагаас Монгол улсын хилээр хар тамхи хууль бусаар нэвтрүүлэхийг оролдож,
худалдахыг завдсан хэргийг илрүүлжээ. Уг хэргийн талаар Цагдаагийн ерөнхий
газрын хэвлэлийн төлөөлөгч, мэргэжилтэн М.Мөнхшүрээс тодрууллаа.
-Сүүлийн үед хар тамхины хэрэг нэлээд бүртгэгдэж байгаа
гэсэн мэдээлэл байна. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?
-Цагдаагийн
ерөнхий газар, Эрүүгийн цагдаагийн газрын алба хаагчид он гарснаас хойш хэд
хэдэн газарт шалгалт хийсэн. Үүний хүрээнд Хар тамхи, мансууруулах бодисын нэг
төрөл болох \”ICE” буюу мөсийг хилээр нэвтрүүлж оруулж ирдэг бүлэг этгээдийг
Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид тусгай
ажиллагааны алба хаагчидтай дайчлан баривчлан шалгаж байгаа. Энэ хэрэгт Монгол
улсын иргэн эрэгтэй 21 настай М, 33 настай Ш нарыг холбогдуулан шалгаж байна.
Эдгээр этгүүдүүд хил гаалиар хууль бусаар болон нууцаар хар тамхи оруулж ирж,
нийслэлийн иргэдэд зарж борлуулдаг нь мөрдөн байцаалтын урьдчилсан байдлаар
тогтоогдсон учраас шалгалтын ажиллагаа хийгдэж байгаа.
-Эдгээр этгээдүүдэд
хуулиар ямар арга хэмжээ авах вэ?
-Уг этгээдүүдэд Эрүүгийн хуулийн 20.4.7-т
зааснаар цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг авч цагдан хорьсон. Харин
өөрсдөө хар тамхи хэрэглэдэг байсан эсэхийг шинжлэхийн тулд сорил тавьсан
байгаа. Шинжилгээний хариу гарсны дараа тодорхой мэдээлэл өгөх боломжтой юм.
-Ер нь энэ төрлийн
гэмт хэрэгт холбогдож байгаа хүмүүс ихэвчлэн хэдэн насны хүмүүс байна
вэ?
-Он гарсаар Эрүүгийн цагдаагийн албаны Хар
тамхитай тэмцэх газрын алба хаагчид хар тамхийг таслан зогсоох чиглэлээр
ЕБС-ийн сурагчид, оюутан залууст шат дараалсан сургалтуудыг явуулсан. Өмнөх
онуудтай харьцуулахад хар тамхины хэрэглээ өдрөөс өдөрт нэмэгдэж байна.
Тэгэхээр энэ төрлийн гэмт хэрэгт холбогдохгүй байхын тулд иргэд хар тамхины хор
уршгийн талаарх мэдээллээ дээшлүүлэх хэрэгтэй. Хар тамхины хэрэгт холбогдсон
хүмүүс ихэвчлэн өсвөр насны залуус байдаг. Тэр дундаа мэдлэг, мэдээлэл дутмаг улмаас уруу татагдах тохиолдол их гарч байна. Иймээс залуус энэ төрлийн гэмт
хэргээс өөрсдийгөө хамгаалах хэрэгтэй байна. Манай цагдаагийн байгууллагаас хар
тамхины хэргийг үндсээр нь таслан зогсоох чиглэлээр Эрүүгийн цагдаагийн газрын
алба хаагчид өдөр бүр ажиллаж байна.
-Хар тамхи мансууруулах
бодистой холбоотой гэмт хэрэг өсөх хандлагатай байна гэлээ. Энэ сарын
байдлаар энэ төрлийн хэчнээн хэрэг бүртгэгдсэн бэ?
-Ер нь он
гарснаас хойш хоёрдугаар сарын 7-ны байдлаар мансууруулах, сэтгэцэд нөлөөтэй
бодистой холбоотой нийтдээ 60 үйлдэлтэй, 24 хэрэгт 54 хүнийг холбогдуулан
шалгаж байна. Өнгөрсөн онуудтай харьцуулахад асар өндөр тоо. Хоёр сарын
хугацаанд 54 хүнийг шалгаж байна. Тэгэхээр энэ төрлийн гэмт хэргээс залуучууд
өөрсдийгөө хамгаалж байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
-PC тоглоомын газруудад шалгалт хийж байгаа гэсэн. Энэ
талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Хууль бус
үйл ажиллагаа явуулж байгаа автомат тоглоомын газруудад шалгалт хийж байгаа.
Шалгалтаар Баянгол дүүргийн 1, 6, 7, 12, 17, 21 гэсэн хороонууд дахь хууль бус
тоглоомын газруудын үйл ажиллагааг таслан зогсоож, хяналт тавьж байна. Автомат
тоглоомын газарт шалгалт хийхэд нэг газарт 100 хүн мөрийтэй тоглож байна.
Мөрийтэй тоглож байгаа хүмүүсийн хувьд насны хязгаар алга. Мөн автомат тоглоомын
газрууд үйлчлүүлэгчээ булаацалдаж, танхайрах асуудал гарч байна. Тухайлбал,
хоёр давхраас нэгийгээ авч шидэж гэмтээсэн асуудал гарсан. Энэ хэргийг цагдаагийн
байгууллага шалгаж байна. Мөн энэ сарын 4-ний өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны
нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг PС тоглоомын газарт 27 настай залуучууд нэгийнхээ амь насанд хүрсэн харамсалтай хэрэг гарсан.
-Зөвшөөрөлгүй үйл
ажиллагаа явуулж байгаа PC тоглоомын газруудад ямар хариуцлага хүлээлгэдэг юм
бэ?
-Ер нь бол интернэт тоглоомын газрууд
зөвшөөрлийн дагуу зөв хэрэглээг бий болгох хэрэгтэй. Цагдаагийн байгууллага ч гэсэн ийм шаардлагыг хүргүүлж байна. Интернэт орчин бүрдүүлж байгаа нэрийдлээр
архи согтууруулах ундаагаар үйлчилж байгаа газруудыг хаах арга хэмжээ авдаг. Мөн
гэрээг нь хүчингүй болгох болон бусад арга хэмжээ авдаг юм.
Н.Алтанцэцэг