Ираны Табриз хотноо чөлөөт бөхийн \”Тахтын цом” тэмцээн пүрэв гарагт эхэлж, эрэгтэйчүүдийн 57 кг-д гавьяат тамирчин Э.Бэхбаяр, 65 кг-д ОУХМ Т.Тулга нар алтан медалийн төлөө барилдахаар болов. Тэмцээний эхний өдөр урьдчилсан болон хагас шигшээ барилдаан болж, ираны дэвжээнд хүч үзсэн манай дөрвөн бөх тун амжилттай барилдав. Э.Бэхбаяр гавьяат Армений Михран Жабурян, Ираны Хамид Халилиг,харин Т.Тулга Украины Василий Шуптар, Болгарын Филипп Новачков, Гүржийн Шота Партенадзег тус тус ялснаар өнөөдөр эзэн орны бөхчүүдтэй аваргын төлөө хүчээ сорино. Мөн 92 кг-д ОУХМ Ө.Батзул Гүржийн Луза Церцвадзе, эзэн орны Амир Арсалан Татариг ялсан ч хагас шигшээд Ираны Араш Мохебид ялагдснаар хүрэл медалийн төлөө хүч үзнэ. Спортын мастер М.Лхагвагэрэл 125 кг-д Туркийн Октай Гунгорыг оноогоор цэвэр ялсан ч шөвгийн наймд эзэн орны Жафар Натерид ялагдсан. Түүний өрсөлдөгч нь шигшээд шалгарснаар дагах барилдаан хийнэ. Өнөөдөр монголын цагаар 16 цагт дагах болон медалийн төлөөх барилдаанууд эхлэнэ.