С.Зориг агсны гэргий Д.Булганыг
өнгөрөгч бямба гаригийн үдэш гэрээс нь баривчилжээ. Ер нь манай хуулийнхан
шөнийн цагаар баривчилгаа хийхдээ гаршаад байна уу гэж өнгөц харагдах шиг.
Тэр яахав. Гол нь Д.Булганыг
яагаад баривчлав. Энэ л гол асуудал.
Ихэнх хүмүүс түүнийг 17 жилийн
өмнөх аймшигт аллагатай холбогдуулан баривчилсан гэж таамаглаж байна. Ер нь
хэргийн цорын ганц гэрч учраас түүний ингэж хардах үндэслэл ч бий. 17 жил
түүнийг хардлаа шүү дээ. Гэтэл яагаад энэ олон жилийн турш чимээгүй байсан
хэрэг өнөөдөр гэнэт задарч, гэрчийг саатуулах болов. Хэнээс ямар хариулт нэхэх
вэ.
Д.Булганыг өөр хоёр хүний
хамтаар ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан гэдэг нь
тодорхой боллоо. Гэвч энэ тухай болон, яагаад саатуулах болсон шалтгааныг
хуулийнхан нууцалсаар байгаа. ЦЕГ-аас \”хэргийг шалгаж байна. Нэмэлт мэдээлэл
өгөх боломжгүй” гэсэн хамгийн энгийн бөгөөд бүрхэг тайлбараа л өгөв.
Гэвч олон нийт Д.Булганыг
саатуулсан шалтгааныг С.Зориг агсны үхэлтэй холбож, магадгүй 17 жилийн болсон
тэрхүү аймшигт гэмт хэргийн зангилаа тайлагдах гэж байна хэмээн горьдлого
төрүүлэх боллоо. Иргэд гэлтгүй хэвлэлийнхэн ч чих тавин чанганаж, танил тал
руугаа утас цохиж байна.
Эрүүгийн байцаан шийтгэх
хуулийн дагуу сэжигтнийг цагдаагийн байгууллагаас 72 цаг саатуулах эрхтэй.
Харин хугацааг сунгахын тулд заавал прокурорын байгууллага шүүхээс зөвшөөрөл
авах шаардлагатай. Энэ үеэс л тодорхой мэдээ, мэдээллүүд гарч эхлэх байх гэж
найдаж байна.
Аймшигт аллагын гэрчүүд ар
араасаа учир битүүлгээр алагдсаар 17-д хүрч. Одоо бараг ганц л гэрч үлдсэн. Тэр
нь Д.Булган гэж эх сурвалжууд хэлж байна. Тэгвэл энэ удаагийн баривчилгаа 17
жилийн өмнөх хэрэгтэй холбоотой юу… Эсвэл зарим хэвлэлээр гарч байгаачлан
бусдаас их хэмжээний мөнгө, хөрөнгө залилсан уу. Эдгээр асуултуудад хэн хариулт
өгөх вэ.
А.Аюуш