\”Эрдэнэс Таван толгой” ХК-ийн удирдлагууд 2015 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 12.00 цагт тус компанийн \”Эв санааны нэгдэл” Үйлдвэрчний эвлэлийн гишүүд болон ажилчдын төлөөллийг хүлээн авч уулзан, үүсээд буй асуудлын талаар санал солилцож, зарим асуудлыг нааштайгаар шийдвэрлэлээ.
Үйлдвэрчний эвлэлийн гишүүдийн төлөөлөл нь \”Эв санааны нэгдэл” Үйлдвэрчний эвлэлийн дарга С.Эрдэнийн биеийн байдалд анхаарал тавьж, холбогдох бүхий л тусламж дэмжлэгийг компанийн зүгээс үзүүлэх, компани болон Үйлдвэрчний эвлэл хоорондын хамтын гэрээг яаралтай байгуулах, TTJVCO-той байгуулсан гэрээтэй холбоотой зарим заалтыг эргэн харах зэрэг саналыг \”Эрдэнэс Таван толгой” ХК-д тавьсан байна.
Уг уулзалтын дүнд \”Эрдэнэс Таван толгой” ХК-ийн уурхайд 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 16.00 цагаас ажил хаясан 21 ажилтан 2015 оны 11 дүгээр сарын 14-ний 15.30 цагт ажил хаялтаа зогсоож, уурхай хэвийн үйл ажиллагаанд шилжив. \”Эрдэнэс Таван толгой” ХК-ийн зүгээс С.Эрдэнийн биеийн байдалд анхаарал тавьж байгаа бөгөөд шаардлагатай эм тариаг эмчийн заавраар хангаж байна. Мөн хамтын гэрээ байгуулах асуудалд хоёр талаас ажлын хэсэг гарган ажиллаж байгаа бөгөөд ойрын хугацаанд асуудлыг эцэслэн шийдвэрлэх болно гэж \”Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн зүгээс мэдээллээ.