“Японд алимны аж ахуй авах эхний хэлэлцээ амжилттай боллоо!” гэсэн баярт мэдээг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Сумо бөхийн 68 дахь их аварга Д.Дагвадорж өөрийн цахим хуудсаараа дамжуулан хуваалцлаа.
Япон алим нь дэлхийн зах зээлд чамгүй үнэ цэнэтэйд тооцогддог бөгөөд үнэдээ тохирсон амт чанартай байдаг. Харин Д.Дагвадорж аварга өөрийн тариалсан алимаа монголчууддаа тохирсон үнээр борлуулна гэдгээ амлалаа. Хэдийгээр энэ нь таатай санагдавч өртөг өндөртэй япон улсаас ирж байгаа учраас дунджаас дээгүүр үнэтэй байхаар төсөөлөх нь зүйтэй болов уу. Эс бөгөөс санасанаас нь илүү өндөр үнээр борлуулалтад гарвал бэлэн үгтэй бидний монголчууд буруу зөрүү яриа гаргаж мэдэх л улс.
Манай оронд алим тариалахад өвөлжүүлэх нь хамгийн гол асуудал байдаг аж. Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Сэлэнгэ, Төв зэрэг аймагт алим ургуулж байсан ч өвлийн хүйтнийг даван туулах бэрхшээлтэй тулгардаг байна. Тухайлбал, нэг модыг нэг самосвал шороогоор хучдаг гэж зарим хүмүүс тайлбарлаж байна.
Ямартай ч япон дахь алимны аж ахуйд зөвхөн монголчууд ажиллахаар болжээ. Аса аварга ажиллах хүчээ аль хэдийнэ бүрдүүлсэн гэнээ.
Дашрамд сонирхуулахад, Хоккайдод байдаг Аса аваргын үхрийн фермийн үнээнүүд тугаллаад эхэлжээ.
Я.Хулан