НИТХ-ын дарга С.Амарсайханыг огцруулах асуудлыг НИТХ дахь АН-ын бүлэг өргөн барилаа. Түүнийг огцруулах үндэслэлдээ гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг хэрэгжүүлэх бодит ажил бус, тунхагийн шинж чанартай болсон, санхүүжилтийн эх үүсвэр бүрэн тодорхойгүй байгаагаас гадна НИТХ-ын хуралдааны дэг зөрчигдөж, эмх замбараагүй байдал үүссэн гэж НИТХ дахь АН-ын бүлэг үзжээ.
Энэ талаар НИТХ-ын дарга С.Амарсайхан “Бид өнөөдөр Нийслэлийн асуудлыг хэлэлцэж байна. Ганц С.Амарсайханы асуудал биш.. НИТХ дахь АН-ын бүлгийнхэн эхлээд өөрсдөө хуралдаа суу. Зарим нь хувийн асуудал яриад ороод ирдэг. Түүнийг нь биелүүлэхгүй болохоор элдвээр мушгиад эхэлдэг. Шийдэгдэх боломжгүй асуудлууд оруулаад ирэхээр нь хүлээж авах боломжгүй гэдэг. Хувийн асуудлаа тулгаад үүд сахиад суудаг. Үүнээс болж С.Амарсайханыг огцруулах асуудлыг хөндөж байгаа бол та бүхний буруу. Бид зарчмаа барих ёстой. Хуулиа хэрэгжүүлэх хэрэгтэй байна” хэмээн байр сууриа илэрхийллээ.