АНУ-ын Элчин сайдын яамнаас нийгмийн сүлжээнд #УТААГҮЙ олон нийтийн аяныг өнөөдрөөс буюу хоёрдугаар сарын 27-нд эхлүүлж байна. Тодруулбал, агаарын бохирдлын идэвхтэй үеийн дараа ч утааны хор хөнөөлийн талаарх олон нийтийн сонор сэрэмжийг хадгалах ба нэмэгдүүлэх, мөн агаарын бохирдлын эсрэг авч болох богино болоод урт хугацааны хариу арга хэмжээг сурталчлах санаачлагатайгаар уг аяныг эхлүүлж буй аж. Тус аяны зорилт нь иргэдийг #УТААГҮЙ хаштагийг ашиглан агаарын бохирдлын эсрэг хийж буй арга хэмжээнд ажил хэрэг болохуйц санал санаачлагыг дэвшүүлэх, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага, бүлэг, иргэдтэй нэгдэж, хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдэд нь өөрт байгаа бололцоогоор дэмжихийг уриалахад оршиж байгаа юм байна.
Аяны хүрээнд долоо хоног бүр салбар салбарын мэргэжилтнүүдтэй фэйсбүүк лайв ярилцлага хийж, шууд дамжуулах, агаарын чанарын тухай баримт, статистик, тайлан, мэдээлэл, зөвлөгөөг нийтэд түгээх, мөн богино хэмжээний баримтат кино бэлтгэх зэрэг ажлууд хийгдэх аж. Аяны талаарх бүхий л мэдээллийг АНУ-ын ЭСЯ-ны цахим хуудас, олон нийтийн сүлжээгээр #УТААГҮЙ хаштагийг ашиглан авах боломжтой юм байна.