Нийслэлийн Цэргийн штабаас “Оюутан цэрэг”-ийн бүртгэл эхэлж байгаатай холбоотойгоор өнөөдөр мэдээлэл хийлээ. Цэргийн алба хаах таван төрлийн нэг “Оюутан цэрэг” хөтөлбөрийн Улаанбаатар дахь бүртгэл маргааш эхлэх юм байна.
Уг цэргийн мэргэжил олгох сургалтын бүртгэл их дээд сургуулиудын бакалаврын өдрийн ангид суралцаж байгаа нэгдүгээр дамжааны 18 нас хүрсэн оюутнуудаас сайн дурын үндсэн дээр алба хаах залуусыг их дээд сургуулийн сургалтын алба сургуулийн тодорхойлолтоор харьяа дүүргүүдийн Цэргийн штаб 2018 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн дотор бүртгэж, Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 32 дугаар тогтоолоор батлагдсан журмын дагуу сонгон шалгаруулж эрүүл мэндийн үзлэгт хамруулах аж. “Оюутан цэрэг” сургалтад хамрагдах оюутнуудын голч оноо 2.8-аас дээш байх ёстой юм байна. Тэд 6 сарын 15-аас 8 сарын 15 хүртэл цэргийн мэргэжлийн бэлтгэлд хамрагдана. Мэргэжлийн бэлтгэлийн үеэр 11 төрлийн цэргийн нарийн мэргэжил эзэмших гэнэ. Энэ хугацаанд хоёр кредитийн төлбөр төлөх ёстой аж. Оюутан цэрэг сургалтад хамрагдах хүсэлтээ сургуулийнхаа сургалтын албаар дамжуулж гаргана.
Энэ жилийн “Оюутан цэрэг” сургалтад 1,000 гаруй оюутан хамрагдах төлөвтэй байгаа гэнэ.
“Оюутан цэрэг” сургалт нийслэлээс гадна 13 аймагт зохион байгуулагдаж байгаа аж.
Үндсэн хуульд заасны дагуу Монгол Улсын иргэн нь эх орноо хамгаалах заалттай. Үүнийг дагуу 12 сар буюу нэг жилийн хугацаат цэргийн алба хаах, цэргийн дүйцүүлэх албыг биеэр хаах, цэргийн албыг мөнгөн хэлбэрээр дүйцүүлэх, “Оюутан цэрэг” сургалт, “Гэрээт цэрэг” зэрэг таван төрлөөр цэргийн алба хаадаг. Журмын дагуу хөтөлбөрт хамрагдах иргэн нь 18 нас хүрсэн, их, дээд сургууль, МСҮТ-д суралцдаг байх ёстой. Мөн дараах баримт бичгийг бүрдүүлсэн байх шаардлагатай ажээ. Үүнд:
• Иргэний үнэмлэх
• Цэргийн үүрэгтний үнэмлэх
• Оюутны үнэмлэх
• Эрүүл мэндийн даатгалын дэвтэр/Сүүлийн нэг жил төлөгдсөн байх/
• Сургуулийн тодорхойлолт
• Сурлагын дүнгийн хүснэгт /голч дүн 2.8-аас дээш байх/
• Сургалтад хамрагдахыг хүссэн өргөдөл
Бүртгэлийг дүүргүүд дээр явуулах бөгөөд гуравдугаар сарын 10-ныг хүртэл үргэлжилнэ. Мөн 18 настай оюутан нь дөрөвдүгээр сарын 1-нээс өмнө төрсөн байх ёстой юм байна.