УИХ-ын гишүүн О.Баасанхүү Эрдэнэт үйлдвэрийг барьцаалан Өмнөд Африкийн Стандарт банкнаас 51 сая долларыг зээлсэн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Тэрээр “Би бол 172 сая ам.долларыг Стандарт банкнаас зээлж авсан гэж үзэж байгаа. Стандарт банкнаас гаргасан нэхэмжлэлийн хүрээнд үндэслэж 172 сая долларын зээл авсан гэж үзэж байна. Стандарт банкныхан 2007 онд 20 сая ам.долларын гэрээ хийсэн. 2009 онд 36 сая ам.долларын гэрээ хийсэн. Ингээд 2009 оны гэрээнд 2010 онд өөрчлөлт оруулаад 75 сая ам.доллар болж нэмэгдүүлсэн. 2010 онд 27 сая ам.долларын шинэ гэрээ байгуулаад, 2011 онд энэхүү гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулаад 34 сая ам.доллар авсан. Ингээд нийт 172 сая ам.долларын зээлийн гэрээг 2011 он гэхэд ”Жаст” групп Стандарт банктай хийчихсэн байна.
Яригдаад байгаа гарын үсэгний тухай маргаантай асуудлыг Монгол Улсын Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэн, Английн доктортой хамт гаргасан дүгнэлтээр “Эрдэнэт” үйлдвэр 75 сая ам доллар болон 44 сая ам.долларын гэрээг хариуцахгүй гэж дүгнэсэн. Тэгэхээр ”Жаст” групп хариуцна гэсэн үг. Үлдэгдэл 51 сая ам.долларыг “Эрдэнэт” үйлдвэр төлөх үүрэгтэй гэж байгаа юм. Хүү торгуулийн хэмжээ нэмэгдсээр байгаад 109 сая ам.доллар болсон. “Жаст” групп Хадгаламж банкаар дамжуулж авсан. Хадгаламж банк одоо Төрийн банк болсон. Төрийн банкинд Жастыг төлөөлөөд “Алтжин”-гийн Г.Алтангийн хүү Эдвардсүрэн гэдэг нөхөр нэхэмжлэл гаргаад 51 тэрбумыг хувь хүн төл гэдэг шийдвэр гаргуулсан.
Одоо 109 сая ам.долларыг “Эрдэнэт” үйлдвэр үлдсэн мөнгийг Төрийн банк төлөх болоод байна. Өөрөөр хэлбэл, 120 орчим сая долларын төр өөрөө төлөх нөхцөл байдал үүсээд байна. Стандарт банк бол Хятадын компанид зарагдсан. Арбитрын шүүхийн шийдвэрийг үзэх юм бол өрөө төлөхгүй бол хүү торгууль зогсохгүй гэдэг шийдвэр гарсан. Тэгэхээр одоо 109 сая ам.доллар гэж байгаа ч төлөхгүй яваад байвал нэмэгдэнэ. Үйлдвэрийн хөрөнгийг битүүмжилсэн байгаа. Би бол ийм нөхцөл байдлыг нуусан, улс орноо өр ширэнд оруулсан этгээдэд хариуцлага тооцох ёстой гэж үзэж байна. Ялангуяа, Ш.Батхүү, Г.Алтан гэдэг жараахайтай биш, акулуудад хариуцлага тооцох ёстой. Өөрөөр хэлбэл, зээлийн гэрээний шугамыг хэн нээснийг олох ёстой” гэлээ.
Мөн тэрээр энэ хэргийг нуун дарагдуулсан, санаатай төөрөгдүүлсэн, Монгол Улсыг ялагдахад хүргэсэн шууд болон шууд бус үйл ажиллагаа явуулсан хүмүүст хариуцлага тооцох ёстой гэлээ.
Мөн ““Эрдэнэт” үйлдвэр 300 тэрбум төгрөгийн цэвэр ашиг олсон байна. Үүний талаас дээш хувийг өрөнд өгөх гээд байна. Энд нэг зүйлийг онцлоход арбитрын шүүхийн шийдвэр мөнгө төлснөөр эцэслэгдэхгүй. Учир нь, 2017 оны арваннэгдүгээр сарын байдлаар 109 сая ам.доллар байгаа. Хүү торгууль хоног тутамд тоологдоод явж байгаа учраас одоо хэдэн төгрөг болж нэмэгдсэн нь тодорхойгүй байна” гэв.