АНУ-ын Вашинтон хот дахь цэргийн баазад сэжиг бүхий захидлыг нээж үзсэний дараа 11 хүний бие гэнэт мууджээ. Энэ талаар тус хотын Арлинтон дүүргийн гал түймрийн авран хамгаалах албаны эх сурвалжаас иш татан ABC7 телевиз өнөөдөр мэдээлсэн байна.
Тус албанаас мэдээлснээр, цэргийн баазын захиргааны нэг байранд захидлыг нээжээ. Үүний улмаас 11 хүний бие муудаж, 3 нь эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд тухайн үед тэдний нэгнийх нь хамраас цус гарч байсан байна. Одоогоор тэдний биеийн байдал хэвийн байгаа аж.
Үл мэдэх бодис агуулсан дугтуйг Майер-Хендерсон-Холл баазад хүлээн авчээ. Уг захидлыг нээсэн захиргааны байранд байсан хүмүүсийг урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах үүднээс даруй нүүлгэн шилжүүлсэн байна. Одоогоор цэргийн баазын төлөөлөгчид хортой бодистой холбоотой ослын хор уршгийг арилгах үйл ажиллагаа явуулдаг орон нутгийн салбар нэгж болон Холбооны мөрдөх товчоотой хамтран ажиллаж байгаа аж.