Өнгөрөгч мягмар гарагт Сири,Туркийн хилийн ойролцоо үүрэг гүйцэтгэж байсан ОХУ-ын цэргийн онгоцыг Туркийн талаас хил зөрчсөн хэмээн буудаж сөнөөсөн билээ. Энэ хэрэг явдлаас үүдэн ОХУ,Туркийн харилцаа ихээхэн хурцаж, хоёр орны төрийн тэргүүнүүд харилцан эрх ашгаа хамгаалсан мэдэгдэл хийж байх зуурт Оросын иргэд Туркийн далбааг шатаах, Москва дахь Туркийн Элчин сайдын яам руу өндөг, чулуу шидэх зэргээр эсэргүүцлээ илэрхийлэх болжээ. Туркийн пуужинд оногдож сүйрсэн Оросын байлдааны \”СУ-24\” онгоцны хоёр нисгэгч тухайн үед амжиж шүхрээр үсэрсэн ч нэг нь Сирийн босогчдын гарт амь үрэгдсэн юм. Харин амьд үлдсэн нөгөө нисгэгч болох Константин Мурахтин өчигдөр Оросын хэвлэлд ярилцлага өгчээ. Тэрээр \”Бид Туркийн хилийг зөрчөөгүй. Ойролцоогоор 6 мянган метрийн өндөрт нисч байсан, цаг агаар ч тогтуун сайхан байлаа.Туркийн пуужин ирж харвах хүртэл нислэг бүрэн миний хяналтан дор байв. Энэ бүс нутагт удаа дараа нислэг үйлдэж байсан болохоор бид арван хуруу шигээ л сайн мэддэг\” гэж хэлжээ.
Э.Төгс