Европын ихэнх хэсэгт цаг агаар эрс хүйтэрсний улмаас 55 хүн нас баржээ. Ийнхүү цаг агаарын тогтворгүй байдлаас болж олон тооны нислэг, тээврийн үйлчилгээнүүд цуцлагдаж, их хэмжээний хохирол амссан байна. хүчтэй салхи салхилснаас 24 мянган айл өрх, албан байгууллага гэрэл цахилгаангүй болжээ. Түүнчлэн хэд хэдэн улсад их хэмжээний цас орж, мөс тогтсоны улмаас хүндрэл учраад байгаа аж. Хүйтний улмаас Польш улсад амиа алдагсдын тоо эрс нэмэгджээ. Гадаа гудамжинд унтаж байгаа хүнтэй таарвал шууд албаны хүмүүст мэдэгдэхийг олон нийтэд анхааруулсан байна. Гэнэтийн энэ цочир хүйтрэл нь Сибирийн хүйтэн уур амьсгалаас үүдэлтэй гэж зарим эх сурвалж таамаглажээ.
Цаг агаарын энэ үзэгдлийг Их Британид “Дорнын амьтан”, Голландад Сибирийн баавгай, “Цасны их буу” гэх мэтчилэнгээр хошигнон нэрлэдэг аж. Англи, Ирланд, Уэльсийн нутагт болж буй шуурга нь Пүрэв гаригт Эмма хар салхитай таарч, хүчтэй цасан шуурга үүсгэсэн байна.
Б.Болормаа