Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагчид иргэний амь насыг эрсдэхээс хамгаалжээ.
Тодруулбал, алба хаагчид өнгөрөгч бямба гаргийн орой 20:00 цагийн орчимд үүрэг гүйцэтгэж явахдаа гудамжинд хэвтэж буй иргэнтэй таарч биед нь үзлэг хийхэд Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороонд оршин суух иргэн Д биеэ авч явах чадваргүй болтлоо согтож, толгойдоо гэмтэл авсан байсанд шуурхай арга хэмжээ авч түргэн тусламж дуудсан байна. Иргэн Д нь толгойдоо хүнд гэмтэл авсан байсан учир түргэнээр ГССҮТ-д хүргэгдэн яаралтай хагалгаанд орж амжилттай болсноор одоо үргэлжлүүлэн эмчлүүлж байгаа аж. Уг хэргийг Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.
Иргэд та бүхэн гудамж, талбай, хаана ч тэр хэн нэгэн согтуу хэвтэж байвал иргэнийхээ үүргийг биелүүлээд цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд залгаж мэдээлэл өгч байгаарай. Тэр таны л адил Монгол Улсын иргэн. Таны өгсөн төлбөргүй дуудлага нэгэн иргэний амь нас, эрүүл мэндийг хамгаалах үнэ цэнэтэй.