13 дахь удаагийн сонгуулийн Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурлын анхдугаар чуулган Бээжин хотын Ардын Их хурлын ордонд өнөөдөр эхэллээ. “Энэ удаа хууль тогтоогчид илүү өргөн хүрээтэй асуудлыг авч хэлэлцэх учир чуулган ердийн үеэс 5 хоног илүү үргэлжилж, энэ сарын 20-нд өндөрлөнө” хэмээн Хятадын парламентын албан ёсны төлөөлөгч Жан Есуй мэдэгджээ. Энэ удаагийн чуулганаар Засгийн газрын тэргүүний тайлан илтгэлийг сонсох, улс орны нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх төлөвлөгөөний үндсэн чиглэлийг батлах, төсвийн гүйцэтгэлийн тухай тайлан болон Ардын дээд шүүх, Ардын дээд прокурорын газрын тэргүүнүүдийн илтгэлийг сонсох зэрэг цаг үеийн асуудлуудыг хэлэлцэх аж. Мөн БНХАУ-ын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, түүнчлэн төрийн өндөр дээд албан тушаалд шинэ хүмүүсийг томилох нь энэ удаа хамгийн их сонирхол татаж байгаа асуудлууд болоод байна.