Чиг үүрэгт хамааралгүй, хуулиар эрх олгоогүй асуудлаар иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлж байгаа өргөдөл, гомдол, хүсэлтийг холбогдох байгууллагад нь шилжүүлж байхаар боллоо.
Тухайлбал тусгай зөвшөөрөл авах, сунгуулах, улсын комисс хүлээж авснаас хойш гурван жил болоогүй барилга, байгууламжийн чанар байдал, импортоор оруулж ирсэн болон стандарт тогтоогдоогүй барилгын түүхий эд, бараа бүтээгдэхүүнд дүгнэлт гаргах нь Мэргэжлийн хяналтын байгууллагын чиг үүрэгт хамаарахгүй юм.
Мөн орон сууцны нэг давхрын өргөтгөл, орон сууцыг цэцэрлэг болон үйлчилгээний зориулалтаар өөрчлөх зөвшөөрөл, дүгнэлт гаргуулах, зөвшөөрөлгүй эзэмшиж байгаа газрыг чөлөөлүүлэх, төрийн өмчийн бус сургууль, цэцэрлэгийн сургалтын төлбөр, дулаан, халаалт хангалтгүй, цэвэр ус зэвтэй байгаа, орон сууцны инженерийн шугам сүлжээний засвар, ус алдсан, бохир усны шугам, худаг, цооног бөглөрсөн, бохир ус хальсан зэрэг гомдлын мөрөөр шалгалт хийхгүй.
Мах, махан бүтээгдэхүүн, өндөг, сүү, сүүн бүтээгдэхүүн, хоол, архи, согтууруулах ундааны үйлдвэрлэл, нярай, бага насны болон цэцэрлэгийн хүүхэд, ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдад зориулсан хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн, худалдаа, үйлчилгээнээс бусад ажлын байранд улсын байцаагчийн дүгнэлт гаргахгүй юм.
Иймд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд өргөдөл, гомдол, хүсэлтээ Мэргэжлийн хяналтын байгууллагын чиг үүрэгт хамааралтай эсэхийг судлан үзсэний дараа холбогдох газарт нь хандан шийдвэрлүүлж байхыг \”Зөвлөгөө , мэдээллийн төв” зөвлөж байна.