Гаалийн Ерөнхий газрын дарга О.Ганбат цаг үеийн асуудлаар
мэдээлэл өглөө.
Авлигатай
тэмцэх газраас Гаалийн ерөнхий газрын дөрвөн албан хаагчийг авлигын хэрэгт
холбон шалгаж эхэлсэн байна. Тодруулбал, ГЕГ-ын Төрийн захиргаа, хамтын
ажиллагааны газрын даргаар ажиллаж байсан Б.Оюундэлгэр, тус газрын ахлах
мэргэжилтнээр ажиллаж байсан Ж.Баттогтох, гаалийн улсын байцаагч М.Дөлгөөн,
н.Оргилмаа нарыг бусдаас хээл хахууль авсан хэрэгт холбогдуулан Эрүүгийн
хуулийн 268 дугаар зүйлийн 268.1, 268 дугаар зүйлийн 268.2, 269 дүгээр зүйлийн
269.1, 270 дугаар зүйлийн 270.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, мөрдөн
байцаалтын ажиллагаа явуулж байгаа гэнэ.
Дээрх хүмүүс нь батлан даалтад гарч, гадуур байцаагдаж
байгаа аж. Мөн шүүхийн шийдвэрийн дагуу Б.Оюундэлгэр, Ж.Баттогтох нарыг
албан тушаалаас нь түдгэлзүүлсэн байна.
Харин Замын-Үүдийн гаалийн газрын ахлах байцаагчЧ.Насанбат нарын дөрвөн хүнийг Монгол Улсын хилээр хориотой бараа бүтээгдэхүүн
хууль бусаар оруулж ирсэн гэж үзэн эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж.
Өөрөөр хэлбэл яг одоогоор Гаалийн байгууллагын найман хүн хуулийн байгууллагад шалгагдаж
байна.
Тэгвэл сүүлийн үед эдгээр хүмүүс дээр нэмэгдээд ГЕГ-ын
дарга О.Ганбатыг АТГ-аас шалгаж байгаа тухай мэдээлэл гарах болсон. Энэ
мэдээллийг О.Ганбат үгүйсгэж \”Ажлаас халагдсандаа шаралхаж, гаалийн
байгууллагын нэр хүнийг унагах зорилготой хэдэн хүмүүс бий. Тэд л намайг АТГ-т
шалгуулна гээд байсан. Надад АТГ-т шалгуулахад айх зүйл алга. Хийсэн гэм, нүгэл
байхгүй учраас шалгуулахад бэлэн байна” хэмээн хариуллаа.
О.Ганбат нь ГЕГ-ын даргаар дахин томилогдохдоо төрийн
албаны шалгалт өгөөгүй гаалийн байцаагчаар томилогдсон 70 гаруй хүнийг ажлаас
нь чөлөөлсөн юм. Гэхдээ энэ бүгд хуулийн дагуу болсон гэж тэрээр мэдэгдэв.
Тэгвэл зөвхөн энэ оны арван сарын байдлаар гаалийн
байцаагчтай холбоотой 75 эрүүгийн хэрэг үүсч, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж
байгаа аж. Мөн Захиргааны зөрчил 2800 гаруй бүртгэгджээ.
А.Аюуш