Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулганы 2015.12.03-ны өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийн /Засгийн газар 2015.02.05-ны өдөр өргөн мэдүүлсэн/ эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
Хууль зүйн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, Хуульзүйн байнгын хорооны дарга Д.Ганбат танилцуулав. Танилцуулгад, Монгол Улсын Засгийн газраас 2015 оны 02 дугаар сарын 05-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг УИХ 2015 оны 06 дугаар сарын 19, 23-ны өдөр, 07 дугаар сарын 02-ны өдрийн нэгдсэн хуралдаанаараа хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хуульзүйн байнгын хороонд шилжүүлсэн билээ. Хуульзүйн байнгын хороо дээрх хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлд заасны дагуу хийж, нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэмж тусган, төслийн эцсийн хувилбарыг бэлтгэсэн гэв.
Зарчмын зөрүүтэй санал хураалт явуулахын өмнө Улсын Их Хурлын дарга З.Энхболд, намын бүлгийн дарга нарт хандаж ирцээ сайн бүрдүүлж, Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга хэлэлцэж байгаа энэ чухал үед намаараа ялгарахгүйгээр асуудалд хандахыг албан ёсоор сануулав.
Хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёолол 99, найруулгын 69, нийт 168 саналын томьёоллоор санал хураалт явуулав.
Тухайлбал, УИХ-ын гишүүн Н.Батбаяр мал хулгайлах гэмт хэрэг нь ердийн хулгайн гэмт хэрэгтэй харьцуулахад малчныг ажлын байргүй болгож улмаар амьжиргааны гол эх үүсвэргүй, амьдрах боломжгүй болгож байдаг ноцтой хор уршиг бүхий гэмт хэрэг тул Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/-ын төслийн Арван долдугаар бүлэгт \”Мал хулгайлах\” гэсэн зүйл нэмэх гэснийг чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжлээ. Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн нийт 14 хууль, 2 тогтоолын төслийг тус тус батлав.
Бэлтгэл ажил хангахтай холбогдуулан УИХ-аас шинэчлэн баталсан Эрүүгийн хуулийг 2016 оны есдүгээр сарын нэгний өдрөөс хэрэгжүүлэхээр боллоо.
Хэлэлцүүлгийн шатанд зарим гишүүд хуулийн хэрэгжих хугацааг 2016 оны зургадугаар сарын нэгний өдөр байхаар зааж өгөх ёстой гэж санал гаргасан ч Хууль зүйн сайд Д.Дорлигжавын тайлбарласнаар, хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор тодорхой хэмжээний зардал шаардагдана. Түүнээс гадна гэрийн хорионы техник, тоног төхөөрөмжийг захиалж, авчрахад зургадугаар сарын нэгэн гэсэн хугацаа боломжгүй байгаа юм. Мөн Улсын Дээд Шүүх, Прокуророос хуулийн хэрэгжих хугацааг 2016 оны есдүгээр сарын нэгэн байх нь зохимжтой гэж бидэнд ирүүлсэн гэв.
Улсын Их Хурлын дарга З.Энхболд хуулийн төсөл батлагдсантай холбогдуулан хэлэхдээ, Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэж баталлаа. Нийгэмд шударга ёсыг тогтоох, хүний эрх, эрх чөлөөг хангах чиглэлээр маш чухал хууль батлагдлаа. 13 жилийн дараа энэ хуулийг эцэслэн баталлаа. Ардчилсан намын мөрийн хөтөлбөр, Засгийн газрын мөрийн хөтөлбөрт туссан чухал зорилт өнөөдөр биелж байна. Хууль зүйн яам, Шүүх, Прокурор, өмгөөлөгч, судлаач нар болон бусад байгууллагын төлөөлөл өргөнөөр оролцож, ажлын хэсэгт багтан ажилласан. Мөн хуулийн төсөл дээр олон хоног ажилласан Хууль зүйн байнгын хорооны гишүүд болон ажлын хэсэгт орж ажилласан бүх намын гишүүдэд талархал илэрхийлье” гэлээ. Чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон дагалдах бусад хуулийн төслүүдийг хэлэлцэн баталснаар өндөрлөв.